Колумбийн алдарт дуучин Шакира татвар төлөөгүй хэрэгт холбогдоод удаж байна. Тэгвэл тэрбээр өчигдөр Барселонагийн шүүхэд ирэхдээ 7.3 сая евро буюу 8 сая ам.доллар төлөхөөр болж, тохиролцоонд хүрчээ. Мөн дуучин бүсгүй 438 мянга еврогийн торгууль төлөхөөр болсон ба гурван жилийн хорих ялаас мултрахаар болж байна.
Шакира 2012-2014 онд Испанийн засгийн газарт 14.5 сая евро буюу 15.8 сая ам.долларын татвар төлөөгүй хэрэгт холбогдсон. Испанийн хуулийн дагуу жилдээ зургаан сараас дээш хугацаагаар Испанид оршин суугаа хүн татвар төлөх ёстой байдаг. Испанид байх хугацаандаа Шакира Багамын арлуудын ойролцоо оршин суудаг гэх бүртгэлтэй байжээ. Багамын арлуудад татварын хувь хэмжээ Испаниас хамаагүй бага байдаг талаар хэвлэлүүд онцолж байгаа юм. Дэлхийн хамгийн нэр алдартай, хүчирхэг хүмүүсийн оффшор дахь үйл ажиллагааг илчилсэн “Paradise Papers” дуучин бүсгүйн нэрийг дурдаж байсан удаа ч бий. Прокурорын зүгээс Шакирагийн оршин сууж байсан газрын талаар түүний гоо сайханч, эрүүл мэндийн ажилтнууд болон жолооч зэрэг 117 гэрчийг дуудаж мэдүүлэг авахаар болж байсан юм. Хэрэв буруутай нь тогтоогдвол дуучин бүсгүй найман жил хоёр сар шоронд хоригдож, 23.8 сая евро буюу 26 сая ам.долларын торгууль төлж ч болзошгүй нөхцөл байдал үүсээд байсан билээ.