10-р сарын 7-нд Ойрх Дорнодын мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурвас ус, хүнс, шатахууны хомстолд орж, эмнэлгийн үйл ажиллагаа доголдоход хүргэсэн. Хэдий Газын зурвасын Египеттэй хиллэх “Рафах” хянан шалгах цэгээр хүмүүнлэгийн тусламж нэвтэрч эхэлсэн ч Израилийн батлан хамгаалах хүчин шатахуун оруулахыг эсэргүүцэж байсан юм.
Харин АНУ уриалга гаргасны үндсэн дээр өдөрт хоёр удаагийн тээвэр бүхий шатахуун Газын зурвас руу оруулахаар болжээ. Энэ нь ойролцоогоор хоёр өдөрт 140 мянган литр шатахуун болно гэдгийг АНУ-ын төрийн депармтентаас мэдээллээ. Үүний дийлэнхийг тусламж хүргэх ачааны машин хийгээд НҮБ-ыг ус, ариун цэврийн байгууламжаар хангахад ашиглах аж.
Үлдсэн хэсгийг нь шатахууны хомстлоос болж тасалдахад хүргэсэн харилцаа холбооны сүлжээг сэргээхэд зарцуулна гэв. Баасан гарагаас эхлэн Газын зурвас дахь харилцаа холбооны сүлжээ сэргэж эхэлснийг Палестины эрх баригчид мөн мэдэгдсэн. АНУ энэхүү шатахууны хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд Израильд ихээхэн шахалт үзүүлсэн гэж албаны хүн нь мэдээллээ.
Угтаа элэлцээрийг хэдэн долоо хоногийн өмнө “зарчмын” хувьд тохиролцсон байсан ч Израиль хоёр шалтгаанаар хойшлуулж байсан. Тухайлбал, Израилийн албаныхан Газын өмнөд хэсэгт шатахуун дуусаагүй гэж АНУ-д мэдэгдсэн бөгөөд тэд барьцааны иргэдийг суллах тохиролцоонд хүрэхээс нааш шатахуун оруулахгүй гэсэн байр суурьтай байсан юм.