Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Катар Улсад хийж буй айлчлалын хүрээнд 11 дүгээр сарын 16-ны өдөр Катар Улсын Харилцаа, холбоо мэдээллийн технологийн сайд Мухаммад бин Али Аль-Маннай-тай уулзалт хийв.
Уулзалтад Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Г.Дашням, Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга З.Даваажав нар байлцав.
Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол Улсын цахим хөгжлийн явц, түүний бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, “e-mongolia” платформ болоод цаашид хийхээр төлөвлөж буй томоохон төсөл, хөтөлбөрийн талаар товч танилцуулаад Катар Улстай харилцаа, холбоо цахим хөгжлийн салбарт харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, Монголын мэргэжилтнүүдийг Катарт урт, богино хугацааны сургалтад хамруулах, Катараас Монголд хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар хөндөж ярилцав.
Мухаммад бин Али Аль-Маннай сайдын хувьд Катар Улсын цахим хөгжлийн явц, хэрэгжүүлж буй бодлого, яамны үйл ажиллагаа, Катарын “Cloud” дата төвийн талаар танилцуулаад Монгол Улстай мэргэжилтнүүдийг чадавхжуулах, цахим шилжилтийн туршлагаасаа хуваалцах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд Монголын талаас тодорхой төсөл, хөтөлбөрүүд тавьсан тохиолдолд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломжийг судлахаа нотлов. Мөн тэрээр Катар Улс цахим Элчин сайдын яам төслийг анхлан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэхүү төсөлд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгааг мэдэгдэв.
Цахим Элчин сайдын яам байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг Н.Учрал талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд төслийг ажил хэрэг болгох, үр дүнд хүргэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцоход бэлэн гэдгээ мэдэгдэв. Мөн тус төслийн хүрээнд Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яамыг анхны цахим Элчин сайдын яам болгох чиглэлээр Элчин сайд П.Сэргэлэнг Катарын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн яамтай тогтмол уялдаа холбоотой ажиллаж, мэдээллээ Засгийн газарт ирүүлж байх чиглэлийг өгөв.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны яамд хооронд илүү ойр дотно хамтран ажиллах хүрээнд Харилцан ойлголцлын Санамж бичгийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо.
Н.Учрал сайд айлчлалынхаа хүрээнд Катар Улсын Харилцаа, холбоо мэдээллийн яамнаас хэрэгжүүлж буй цахим шийдлийн хүрээнд иргэдийн амьдралын стандартыг дээшлүүлэх, Катарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “TASMU Smart Qatar” хөтөлбөр болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим үйлчилгээний төв болох “МАДА” -гийн үйл ажиллагаатай танилцав.