Израилийн арми Газа хотыг бүрэн бүсэлсэн гэдгээ мэдэгдлээ. Газа хот нь Газын зурвас дахь хамгийн том хийгээд хүн амын төвлөрөл ихтэй хот юм. НҮБ-аас мэдээлснээр хоргодох байр болгон ашиглаж байсан дөрвөн сургууль нь сүүлийн 24 цагийн дотор цохилтод өртөж, устжээ. Өнөөдрийн байдлаар Газын зурваст 9000 гаруй хүн амь үрэгдсэн гэдгийг Газа дахь эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Харин 10-р сарын 7-ны гэнэтийн халдлагын улмаас Израильд 1400 хүн амь үрэгдсэн. Өөрөөр хэлбэл, Ойрх Дорнодод үргэлжилж буй энэ дайны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 10 мянгыг давлаа.
Газын зурваст тусламж илгээхээр яригдаж буй энэ үед олон улсын хамгийн их анхаарал татаж буй субьект бол ОХУ. Тодруулбал, ОХУ Газын зурвас руу 28 тонн бүхий хүмүүнлэгийн тусламжийг хөлөг онгоцоор илгээхээр болжээ. Үүнд эм тэргүүтэй яаралтай хэрэгтэй байгаа тусламжууд багтсан байна. Мөн энэ тусламжийг тус улсын ерөнхийлөгч В.Путиныг чиглэл өгсний дагуу илгээж байгааг ОХУ-ын онцгой байдлын яам мэдэгдлээ. Дэлхий нийтийн анхаарал Ойрх Дорнодод төвлөрч байгаа энэ үед ОХУ Арабын орнуудаас оноо авах гэсэн оролдлого болж байна гэж шинжээчид энэ үйлдлийг нь дүгнэж байна.