Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэх ажлуудыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Тэрбээр уулзалтыг нээн хэлсэн үгэндээ “Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгоход ялангуяа хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, эрдэмтэн, судлаачдын оролцоо, хувь нэмэр их байсныг онцоллоо.
Мөн хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж буй бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн ажлыг танилцуулж, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталж, хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлж ажилласнаар тодорхой үр дүн, ахиц гарсныг онцлов. Тухайлбал,
– Цагдаагийн байгууллага хүүхдийн эрхийн байцаагчийн 103 орон тоотой болж, Онцгой байдлын Ерөнхий газар хүүхдийн асуудал хариуцсан орон тоог шинээр баталж, эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнууд хүүхдийн эрхийн зөрчил, мэдээллийг холбогдох байгууллагад мэдээлж, хамтран ажилладаг болсон;
– 2017 оноос хүүхэд, гэр бүлийн салбарт хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий улсын байцаагчийг бэлтгэсэн;
– 2014 онд “Хүүхдийн тусламжийн 108 утас”-ыг байгуулж, 2016 онд Засгийн газрын 55 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний бүтэц болж өргөжин утас, мессэж, чатаар хүүхдэд зөвлөгөө өгөх, хүүхдийн эрхийн зөрчил, мэдээллийг хүлээн авах, холбон зуучилах, шуурхай тусламж үйлчилгээ үзүүлдэг болсон;
– 2017 оноос хүчирхийллийн хохирогчид аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгжийг 5 дахин нэмэгдүүлж, 20 түр хамгаалах байр, 15 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна гэлээ.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар нийгмийн бүх орчинд хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд салбаруудын оролцоо тодорхой болж, үр дүн сайжрахаас гадна хүүхэд хамгааллын кейс менежмент, хохирогч хүүхдэд үзүүлэх хүүхэд хамгааллын үйлчилгээний төрөл, хэлбэр тодорхой болох чухал ач холбогдолтой юм.