МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнгээс зарим асуудлаар тодрууллаа.
НӨАТ-ын асуудалд МҮХАҮТ болон гишүүн компаниуд ямар байр суурьтай байна вэ? НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээг нэмэхтэй холбоотойгоор татварыг яаж тогтоох вэ гэдэг асуудал ч хөндөгдөж байна шүү дээ.
Сүүлийн 10 жил НӨАТ-тай холбоотойгоор бизнесийн орчинд шударга бус байдал тогтож байна гэх шүүмжлэл хүчтэй өрнөж ирсэн. НӨАТ төлөөд явж байгаа компаниуд нь илүү зардал, сул талтайгаар бизнестээ оролцож байна. Шударгаар бизнес эрхэлсэн нь дампуурахад хүрч байна. Шударга бусаар буюу НӨАТ-гүй оруулж ирсэн бараа нь илүү ашигтай байгаад байдаг. Иймээс ч бизнесийнхэн “Бүгдээрээ татвар төлдөг болгоход анхаараач ээ. Татвар, гааль нь ажлаа хийгээч ээ” гэсэн шаардлагыг байнга тавьж ирсэн. Бүр үнэхээр болохгүй байгаа юм бол НӨАТ-ын 10 хувиа 5 хувь болгооч ээ. 10 хувийн зөрүү гэдэг эргэлтийн хөрөнгөгүй, дөнгөж гараанаас гарч байгаа жижиг компаниудад хүндээр тусаад байна. 10 хувийг шууд татварт төлнө гэхээр эргэлтийн хөрөнгө нь хүрдэггүй. Ингээд хуулийг тойрч гарах, хууль бусаар бараагаа оруулж ирэх гарцыг хайгаад байна. Монголын бизнест хамгийн их хүндрэлтэй зүйл нь санхүүжилт. Мөнгө санхүү нь олдохгүй учраас татвараас зайлсхийгээд байгаа юм бол тодорхой хугацаанд татварынх нь хувь хэмжээг 5 хувь болгоод бууруулчих гэсэн саналтай байна. Ингээд компаниуд бүгд ижил түвшинд оччих юм бол өрсөлдөөн сайжирна. СЕО клубын хийсэн судалгаагаар л гэхэд автомашин борлуулдаг хүмүүс дотор НӨАТ-аа шударгаар мэдүүлж орж ирж байгаа хүмүүс хоёр дахин бага машин зараад байна. Шударга бусаар оруулж ирж байгаа нь хоёр дахин ихийг зарж байна. Ийм нөхцөлд шударгаар ажиллаж байгаа нь дампуурахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчихээд байгаа юм. Энэ бол эргэлтийн хөрөнгө хомс байгаагаас үүдэлтэй асуудал. Мөнгө нь олдохгүй юм чинь аль болох л хэмнэх гээд байна. Тэгэхээр НӨАТ-аа 5 хувь болгоод бууруулъя, НӨАТ-ын босгыг нэмэгдүүлье. Дөнгөж учраа олох гээд, бизнес хийгээд эхэлж байтал 50 сая төгрөгөөс нь 10 хувийн татвар авна гэхээр компаниудад хүнд байна. Компаниуд хуульд заасан хэмжээндээ татвараа төлөөд, ямар ч байсан хөл дээрээ босоод аваг.
Саяхан иргэдэд буцаах буцаалтын хэмжээг 5 хувьд хүргэе гэдэг арай өөр хувилбараар иргэдээс санал авлаа. Үүн дээр 100 мянган иргэн саналаа өгсөн байна гэдэг нь ямар нэгэн байдлаар, энэ шударга бус байдлыг арилга ёстой гэсэн байр сууриа иргэд илэрхийлчихсэн байна. Өмнө нь тавьж ирсэн асуудалд хариу өгөхгүй, замхруулаад байж болохгүй нь ээ. Дараа жил сонгууль болно. Шинэ үндсэн хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Тэгэхээр энэ асуудлыг зөвхөн иргэдийн ухамсарт хариуцуулаад орхих биш Сангийн яам, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар ажлаа хэрхэн сайжруулах юм бэ гэдэг асуудал заавал дагаж явах ёстой. НӨАТ-тэй, НӨАТ-гүй гэж ярьж байгаагийн цаана гаальтай, гаальгүй бараа орж ирж байгаа л асуудал. Энэ хоёр чинь зоосны хоёр тал юм бол зэрэг л яригдаж явах ёстой шүү. Нэгэнт асуудлаа хөндөх гэж байгаа юм иргэдэд очих буцаалтаас гадна, татварын суурь асуудлуудаа ч ярих ёстой гэсэн байр суурьтай байна.
Өнөөдөр далд эдийн засаг 10-12 их наяд төгрөг байна гэж байна. Үүн дээр 3 их наяд төгрөгийн татвар төлөгдөхгүй далд үлддэг юм байна. Бид энэ 3 их наядыг олж авах гэж хөөцөлдөж байгаа шүү дээ.
Засгийн газар бизнесийн орчныг сайжруулна гэж амласан. Өнөөдөр бодлогоо бодитоор хэрэгжүүлж, бизнесийнхнийг дэмжиж чадаж байна уу?
Манай танхимын удирдах зөвлөлийн гишүүн Б.Жаргалсайхан ах байсан бол таны асуултад ингэж хариулах байх. “Иргэдийн амьдрал ядуу байгаад байгаа юм бол Засгийн газрын ажил оновчтой байж чадаж байгаа юм уу? Хариулт нь л тэр шүү дээ” гэх байсан байх. Иргэд ядуу байна гэдэг л өөрөө хамгийн ойлгомжтой хариулт гэж бодож байна.
Компаниудад хүний нөөц гэдэг тулгамдсан асуудал боллоо. Үүнд ямар гарц шийдэл хэрэгтэй байна вэ?
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод МҮХАҮТ-аас ”Гадны ажиллах хүчнийг илүү өндөр татвартай, хязгаартай байлгаад байгаагаа өөрчлөөч” гэсэн санал өгсөн. Өөрөөр хэлбэл, гадныхан Монголчуудтай адил ажиллах хэрэгтэй гэсэн үг. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр “1 удаа Монгол улсын нутагт байх гадны ажилчдын хэмжээ Монгол улсын хүн амын 1 хувьтай тэнцэнэ буюу 33 мянган хүн л байж болно гэж заасан байдаг. Тэр 33 мянган хүнийг адил нөхцөлөөр оруулаад ажиллуулаач гэдэг асуудал байгаа юм. Зочид буудал зэрэг үйлчилгээний салбаруудад, аялал жуулчалын угтах үйлчилгээ хийж чаддаг гадны ажилчдыг адилхан л оруулаад ир. Тэднээс өндөр хязгаарлалт, татвар, визний хатуу шаардлага тавьдгаа больё. Чөлөөтэй оруулж ирээд ажиллуулахад Монгол улсын үндэсний аюулгүй байдалд айхтар нөлөөлөхгүй. Мөн МСҮТ-ийг бизнестэй нь уялдуулж өгөөч гэсэн саналыг тавьж байгаа. Энэ талын ажил урагштай байгаа. Хууль батлагдах байх. Хүний нөөцөө шийдэх тал дээр тодорхой ажлуудыг хийж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.