Үндэсний аудитын газраас Засгийн газрын 2021 оны санхүүгийн тайланд шалгалт хийсэн. Уг шалгалтаар нийт 10 гаруй их наяд төгрөгийн 17513 алдаа, зөрчил илэрчээ. Энэ бол улсын жилийн нийт төсвийн 60 гаруй хувьтай тэнцэх тоо. Одоогоор зөвхөн 2021 оны шалгалтын дүн ил тод байршсан байна. Харин 2022 оны төсвийн дүгнэлтийг дэлгэрэнгүй байдлаар олон нийтэд танилцуулаагүй байна.
Аудитын байгууллага 57 төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харъя 4674 төсөвт байгууллага, 604 төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээд, 371 төрийн сан, 1383 төсөл сан нийт 7032 санхүүгийн тайланг нэгтгэсэн байна.
Аудитаар дараах зөрчлүүд илэрчээ. Үүнд:
- Гадаад зээлийн хөрөнгийн эх үүсвэрээс дамжуулан зээлдүүлсэн зээлийн хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт зогссон, эзэн холбогдогч тодорхойгүй, олон жил болсон 533.9 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулаагүй
- Дамжуулан зээлийн хүүг тооцож, бүртгээгүйгээс 234.8 тэрбум төгрөгийн авлагыг дутуу тайлагнасан
- Монгол улсын Хөгжлийн банк компанийн олгосон зээлийн үлдэгдлээс 56 хувь буюу 1739.9 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангилалд орсон
- Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкинд байршиж буй 264.3 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөд эрсдэл үүссэн зэрэг алдаа зөрчлүүд байна.
Эдгээрээс гадна:
- Худалдан авах ажиллагааны дүрэм, журам, заавар зөрчиж шууд гэрээ байгуулж, бараа ажил үйлчилгээ худалдан авсан тендер зарлахаас зайлсхийж, тендерийг хувааж харьцуулалтын аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан, тендерийн үнэлгээг буруу хийсэн, цахим системээр зарлаагүй зэрэг худалдан авах ажиллагаатай холбоотой 31.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн.
- Засгийн газрын 2021 оны 43 дугаар “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлээгүй. Баталсан зардлыг хэтрүүлсэн, үр ашиггүй зардал гаргасан, албан конторын тавилга болон бусад үндсэн хөрөнгийг худалдан авсан, шагнал урамшуулал олгосон, хурал, спортын арга хэмжээ зохион байгуулсан, нэвтрүүлэг сурталчилгаа зэрэгт 10.5 тэрбум төгрөг зарцуулжээ.
- Монголын газрын тос боловсруулах ХХК-ийн эзэмшлийн 27 км төмөр замаар гурван аж ахуйн нэгж 103881.3 тонн бүхий 1501 вагон ачаа тээвэрлэсний 1.7 тэрбум төгрөгийн зам ашиглалтын төлбөр аваагүй.
- Шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон ажилтны ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт олгосон 0.1 тэрбум төгрөгийг буруу шийдвэр гаргасан этгээдээр төлүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар илэрсэн алдаа, зөрчлийг арилгуулахаар Ерөнхий сайд, Сангийн сайдад тус бүр таван зөвлөмж өгсөн байна. Үүний хэрэгжилтийг хянаж, үнэлэхэд 60 хувийн биелэлттэй байна.
Мөн Засгийн газрын урт хугацаат үнэт цаас, зээлийн үлдэгдэл нийт өр төлбөрийн 84.7 хувь буюу 38259.1 тэрбум төгрөгт хүрчээ.
Засгийн газрын гадаад зээл, тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн санхүүгийн тайланд аудит хийхэд “Монгол улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах төсөл” санал дүгнэлт өгөхөөс татгалзжээ.
2022 ОНЫ ТӨСӨВТ Ч АСУУДАЛ БИЙ
2022 оны төсвийн төсөлд ч асуудлууд бий. Учир нь 2022 оны нийт санхүүжилтийн 30 хувьд нь Аудитын байгууллагаас хязгаарлалттай санал дүгнэлт өгчээ. Өөрөөр хэлбэл, 30 хувьд нь асуудал байна гэсэн үг. Тухайлбал, төсөв батлах үеэр дараах дүгнэлтийг өгч байсан юм.
-
- 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдахгүй, салбарын үйл ажиллагааны үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна.
- Засгийн газраас өргөн мэдүүлсэн газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосиныг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар буцаан татсан тул уг бараанд ногдуулах онцгой албан татварыг тооцоолж төсөвт тусгах шаардлагатай байна.
- Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж байна.
- -Аудитаар төсвийн төсөлд тусгасан зардал хэмнэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2015 оны 184 дүгээр тогтоолд заасан шаардлагад нийцээгүй суудлын автомашиныг шилжүүлэх, худалдан борлуулах замаар төсвийн зардлыг хэмнэх боломж байна гэж дүгнэсэн. Иймд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчид Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж автомашинд зарцуулдаг байсан засвар үйлчилгээ, жолоочийн орон тоо, цалин гэх мэт зардлыг хэмнэх, төр, хувийн хэвшлийн түншлэлээр автомашины хэрэглээг зөв, зохистой шийдвэрлэх боломжтой.
- Төсвийн төсөлд тусгагдсан орлого, зардалтай холбоотой нарийвчилсан тоон мэдээлэлтэй нээлттэй танилцах, төсвийг оновчтой төлөвлөх, дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал байна.
- Төсвийн тухай хуульд “төсөв хэлэлцэх, батлах” үйл ажиллагаа нээлттэй /6.5.1/, “батлагдсан төсөв, тэдгээрийн гүйцэтгэл”-ийн ил тод байдлыг хангах /41.7/ болон төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах /6.5.3/ талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн. Харин төсвийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал бэлтгэх үйл ажиллагаанд уг зохицуулалт тодорхойгүй байна.
- -Төсвийн төлөвлөлтийн чанар сайн бол төсвийн гүйцэтгэл илүү үр дүнд хүрэх нөхцөл хангагдана. Иймд төсвийн төлөвлөлтийн үйл явцыг төсвийн зарцуулалттай нэгэн адил ил тод, нээлттэй байлгах, олон нийт хяналт тавих боломжоор хангах хууль эрх зүйн орчинг бий болгон сайжруулах шаардлагатай.
- -Төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын 62 төсөл, арга хэмжээг хуулийн шаардлагад нийцүүлэн нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор дахин эрэмбэлж зохицуулалт хийх шаардлагатай.