Өнгөрсөн долоо хоногт/2023.10.23-27/ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 715 зөрчил илэрсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан 13 тохиолдол бүртгэгджээ.
"Эдгээр зөрчил, хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар шалгах ажиллагааг явуулж байгаа.
Хуульд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 400,000 төгрөгөөр торгоно гэж заасан байдаг" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Бусад зөрчлүүдийн тухайд:
- Тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн 1,943
- Авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон 16,421
- Гэрлэн дохио зөрчсөн 306
- Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцсон 5,246 зөрчил илэрчээ.
Авто замын нэгдүгээр буюу нийтийн тээврийн автобусны эгнээгээр жолооч нар зорчих зөрчил хамгийн их гарч байна.