Бид Нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Ариунтуяатай ярилцлаа. Боловсролын салбарт тасралтгүй 31 дэх жилдээ ажиллаж байгаа тэрээр жил бүрийн зуны амралтаараа БНСУ-ыг зорьж, ажил хөдөлмөр эрхэлдэг байна.
Тэрээр “Монголын боловсролын систем гажуудсаны нэг бодит жишээ бол цалин. Багшийн цалинг 1000 долларт хүргэ гэж шаардаад байгаа нь ч үндэслэлтэй. Яагаад гэвэл өнөөдөр багш нарын цалин үнэндээ амьдралд нь хүрэхгүй байна. Ингээд зуны амралтаараа виза мэдүүлээд, БНСУ руу олноороо явж байна. Түүнээс эргэж ирж байгаа нь цөөн. Ялангуяа, залуу багш нар дор хаяж 1-3 жил ажиллаж, байр савтай болно гэж ярьдаг.
Миний хувьд анх 2013 онд БНСУ-д мэргэжлээрээ очиж ажиллан туршлага судалж байсан. Тухайн үед Солонгосын залуу багшийн, бага ангийн багш нарынх нь нэр хүнд маш сайн, анхны жилдээ ажиллаж байгаа багш 2400 долларын цалин авч байгааг нүдээрээ харсан. Одоо 10 жил өнгөрчихсөн байна. Гэтэл Монголд багшийн үнэлэмж өнөөдөр ч асар доогуур хэвээрээ л байна.
Би 2017 оноос эхлээд жил бүрийн зуны амралтаараа Солонгост хар ажил эрхэлж ирлээ. Уг нь зун толгойгоо амраагаад, намар шавь нар дээрээ очмоор байна. Даанч тийм боломж алга. Би тэтгэвэрт гарах дөхсөн. 36 сарын тэтгэмжээ гүрийж байгаад авчихъя гээд хичээж байна. Өнөөдөр миний цалингийн хувьд татвар шимтгэлээ хасуулаад гар дээрээ 1 сая 600 мянган төгрөг авч байна. Гэтэл шинэ төгсөж байгаа залуу багш нар ямар ч нэмэгдэлгүй 1 сая 200 мянган төгрөгийн цалинтайгаар өндөр ачаалалтай ажилладаг. Хэрвээ Солонгост очвол бид гуравхан өдөр ажиллаад л сарын цалингаа олж байна. Тийм байхад хэн эргэж ирэхийг бодох вэ?
Өнөөдөр багшийн дутагдал асар их болчихлоо. Манай сургууль нэгдүгээр ангийн 10 гаруй бүлэгтэй. Хоёр багш нь жирэмсний амралтаа аваад явсан. Гэтэл оронд нь багшлах хүн алга. Хоёр ангид бусад багш нар ээлжээр хичээл зааж байна. Ачаалал нь хэтэрхий их, цалин нь юундаа ч хүрдэггүй учраас залуучууд хүссэн хүсээгүй гадагшаа дүрвэж байна. Нөхцөл байдал хүнд байна. Үүнд төр бодитоор анхаараасай. Багшийн цалин 2 саяд хүрчихсэн гэж яриад л байдаг. Гэтэл яг үнэндээ тийм биш байна шүү дээ” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.