11 дүгээр сарын эхээр хур тунадас их байх тухай ЦУОШХ-гээс мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан өвлийн дугуйны үнийн талаар болон, машинаа өвөлд хэрхэн бэлдэх тухай мэлээллийг хүргэе.
“Өгөөмөр” захын худалдагч нарын хэлж буйгаар жолооч нар цагийг нь тулгаж, цас орсон эхний өдрөөс л дараалал үүсгэж өвлийн дугуй эрчимтэй хайж эхэлдэг гэлээ. Урьдчилж бэлдээд өмнө нь өвлийн дугуйгаа авбал хямд байдаг гэж зөвлөсөн юм.
“Өгөөмөр” техникийн захад өчигдрийн байдлаар өвлийн дугуйны хувьд хэмжээнээсээ шалтгаалаад ашиглагдаж байсан приус 20 маркийн машины дугуй дунджаар 80.000-120.000 төгрөгийн үнэтэй байв. Өмнө жилийн энэ үед дунджаар 60.000 төгрөгөөр зарагдаж байсан. Өөрөөр хэлбэл дугуйны үнэ хоёр дахин нэмэгджээ.
Энэ талаар “Өгөөмөр” захын худалдагч Н.Туяа, “Дугуйн үнэ иений ханшаас шалтгаалдаг. Манай улс машины нэг ширхэг боолтыг ч үйлдвэрлэдэггүй. Гаднаас хараат байдаг учраас үнийн хөөрөгдлийг барих боломж байхгүй. Өмнө нь өвлийн дугуй зундаа хямд зарагддаг байсан. Гэхдээ тээврийн зардал буурахгүй бол дугуйны үнэ буурахгүй” гэв.
- Одоогоор 95, 65, 15-ын хэмжээтэй дугуй 80.000-100.000 төгрөг
- 85, 65, 15-тай нь 60.000-80.000 төгрөгийн үнэтэй байна.
- Харин шинэ дугуйны тухайд “Yokohama” компанийн өвлийн дугуй машины марк, дугуйн хэмжээнээсээ шалтгаалаад дунджаар 400-500 мянган төгрөг бол
- "Bridgestone” брэндийн өвлийн дугуй 300-800 мянган төгрөг байлаа.
Хүмүүсийн түлхүү худалдаж авдаг дөрвөн улирлын дугуйны талаар худалдаачид ярихдаа, “Дугуйнууд Японоос ирдэг. Тиймээс Монголын нөхцөлд тааруулж үйлдвэрлэдэггүй. Резин нь өвөл ч гэсэн зөөлөн байж зууралдаж гулгахгүй шүү дээ. Гэтэл дөрвөн улирлын дугуйны резин өвөл хөлддөг. Хөлдсөн дугуй халтиргаа гулгаанд тэсвэргүй байдаг юм. Ер нь дөрвөн улирлын дугуй гэж байдаггүй. Зун өвлийн дугуй зарагддаггүй учраас өвлийн дугуйг л дөрвөн улирлынх гэж зардаг” гэв.
Мөн бид машинаа өвөлд хэрхэн бэлдэх талаарх зөвлөгөөг Доктор авто сүлжээнээс бэлтгэн хүргэж байна.
- Хүйтэн температурын тосыг зуурамтгай болгодог. Тиймээс зууралдамтгай чанар багатай өвлийн тос сонгоорой. 5w30 нь 10w40-өөс зууралдамтгай чанар нь бага байдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагаар шалгуулж, тохирсон тос хийх хэрэгтэй. Ихэнх жолооч нар тосоо 6000 км тутамд солих ёстой гэж ойлгодог. Зарим шинэ загварын машинууд бүр илүү урт 1000 км ч гэж тайлбарласан байдаг. Гэхдээ яг үнэндээ бол зам, цаг агаар, орчин гэх мэт хүчин зүйлсээс хамаарч энэ тоо буурч болдог гэдгийг санаж яваарай.
- Холболтууд чанга эсэх, толгой нь ямар нэгэн байдлаар бохирдсон эсэхийг үргэлж шалгаарай. Хэрвээ таны аккумулятор 3-аас дээш жил хэрэглэсэн бол яаралтай мэргэжлийн байгууллагаар шалгуулж, муудсан тохиолдолд тохирох шинэ аккумуляторыг авах нь зүйтэй. Манай бүх салбарт үнэгүй шалгаж өгдөг бөгөөд Японы Фурукава брэндийн аккумуляторыг 1 жилийн баталгаат хугацаатайгаар санал болгодог.
- Шил арчигчийн резин байнга цэвэр, урагдаагүй байх ёстой. Цас мөстэй шилийг тогтмол арчсанаас бол арчигч мууддаг. Үүнээс үүдэн шил арчигч салхины шилийг сайн цэвэрлэж чаддаггүй. Мөн шил арчигчийн шингэн хүйтэнд хөлддөггүй байх ёстойг давхар санаарай. Орлуулж ус хийвэл сав нь хагарч илүү зардал гаргах эрсдэлтэй.
- Даралт болон хээг тогтмол шалгаж байгаарай. Хүйтний улиралд бүх дугуйгаа, запас дугуйн хамт хий болон хээг нь шалгаж байх хэрэгтэй. Учир нь агаарын даралт өөрчлөгдөж эзлэхүүн нь багасдаг тул хий сулардаг байна.
- Ус чийг болон зам дээр асгасан давс нь металл эд ангийг зэврүүлэх сул талтай. Хэдийгээр таны машины будаг шууд кузовын төмөрт үйлчлэхээс хамгаалж байгаа ч тэдгээр химийн нэгдлүүд нь будгийн өнгийг алдуулдаг. Тиймээс угаалгах бүртээ ВАКС түрхэх нь будаг гэмтэхээс бүрэн сэргийлнэ.
- Хэдийгээр хүйтэн үед машины асалтад эдгээр зүйлс хүчтэй нөлөө үзүүлэхгүй ч гэсэн хүйтэн хэмийн нөлөөгөөр хатуурч хэврэг болдог. Үүнээс үүдэн шингэн алдах, агаар алдах, хүч муудах гэх мэт сөрөг зүйлсийг үзүүлж болзошгүй.
- Хүйтэнд бак дотор конденсац явагдсанаас хананд нь чийг үүсэн шатахууны чанарыг муутгах, труп дотор зэврэлт болон хөлдөлт үүсгэх аюултай. Үүнээс сэргийлж үргэлж талаас дээш шатахуунтай байлгаарай.