Хүний амь насыг хөнөөсөн Б.Махбал нь есдүгээр сард магадлангаар суллагдсан. Тэгвэл тухайн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.
Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн "Иргэн Б.Махбалыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 2023/ХМШЗ/59 дугаартай захирамжийг хүчингүй болгох" эсэргүүцлийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэжээ.
Эргэн сануулахад, Б.Махбал нь 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амийг онц хэрцгийгээр зодож хөнөөсөн ял шийтгэл авсан юм.Тэрбээр уг үйлдэлдээ шүүхээс 11 жилийн хорих ял сонсож, ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид ялаа эдэлж байсан юм. Гэтэл түүнийг хугацаанаас нь өмнө буюу найман жилийн өмнө магадлангаар сулласан нь олны анхаарлыг татаж байсан.