Сонсгол хэл ярианы бэрхшээлтэй, аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн хэл яриаг хөгжүүлж үгийн нөөцийг нэмэгдүүлэн харилцан нийгэмшин хамтран суралцах арга барилд суралцуулах, боловсролд тэгш хамруулах зорилгоор “Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх” төслийг НГХЗХГ-аас хэл заслын “Эрдэм мөрөн” сургалтын төвтэй хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Одоогоор нийслэлд үйл ажиллагаа явуулдаг тусгай сургалттай зургаан сургууль ажиллаж буй. Сургуульд нийт 1637 хүүхэд суралцаж байгаа боловч, Улаанбаатарт 5000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Боловсролын үйлчилгээний гадна орхигдсоор байгаа хүүхдүүдэд тэгш боловсрол олгох нь энэхүү төслийн зорилго аж. Энэ талаар НГБХЗХГ-ын дарга Ө.Ган-Өлзий дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Нийслэлийн 17 байгууллагын 25 асрамж, халамжийн төвд 789 хүүхэд байна. Энэ хүрээнд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй, аутизмтай хүүхдүүдийн өөрийгөө илэрхийлэх ярианы чадварыг нь хөгжүүлэх, үгийн нөөцийг нь нэмэгдүүлэх, харилцан биесээ ойлголцох, хамтран суралцах зорилгоор тэгш боловсролын системд хамруулах үйлчилгээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран эхлүүлж байгаа. Яалт ч үгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүүгээ чиглэсэн төслийг хэрэгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварыг нь нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Манай асрамж халамжийн төвүүд дээр үүнийг дэмжээд, хөгжлийн үйлчилгээ үзүүлчих боломжтой багш байхгүй байгаа учраас мэргэжлийн байгууллагуудтай хамтраад энэ төслийг хэрэгжүүлж байна. Үүнийхээ хажуугаар эцэг, эх, асран хамгаалагчдад нь зөвлөгөө мэдээлэл өгч, хүүхэдтэйгээ яаж ажиллах уу, ямар байдлаар хамтран оролцох вэ, нийгмийн харилцаанд яаж оруулах вэ гэдэг талаас нь ажиллана. Дээр нь орчны тохижилтыг яаж хийх, хүүхдийнхээ бие даах чадварыг яаж нэмэгдүүлэх, орчинтойгоо яаж харьцах гээд сургалтуудыг төслийн хүрээнд хийнэ. Яг асрамж халамжийн төв дээр эхний ээлжид ажиллана. Хэрвээ үр дүн гараад явбал, алслагдсан хороо дүүрэг дээр хэрэгжүүлэх юм. Эхний шатанд хүүхдийн хэл яриа, орчинтойгоо дасан зохицох, эцэг эхчүүд нь хүүхэдтэйгээ яаж ажиллах зэргийг хамтарсан цогц хэлбэрээр хэрэгжүүлэхээх төлөвлөсөн” гэлээ.
Одоогоор төсөлд 39 хүүхдийг хамруулж байна. Эдгээр хүүхдүүд нь хэл засал, сонсгол хөгжүүлэх сургалт авснаар хэл яриа нь хөгжиж бусадтай харьцах, нийгмийн харилцаанд оролцох чадварыг эзэмшиж цаашлаад энгийн сургуульд боловсрол эзэмших боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Сургалтын хөтөлбөрийг танилцуулбал:
- Сонсголын бэрхшээлтэй, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, тоо бодох, унших, бичих чадварыг хөгжүүлэх, хүүхдийг нийгмийн харилцаанд бэлтгэх.
- Асран хамгаалагчдад хэрхэн ажиллах талаар зөвлөгөө, сургалт зохион байгуулах.
- Хүүхдийн бие даах чадварыг нэмэгдүүлэх (орчиныг бүрдүүлж тоглоомын аргаар сургалт явуулах.
- Бусадтай айдасгүй харьцах, хамтран суралцах харилцахад бэлтгэх гэсэн хөтөлбөрөөр сургаж байна.