Редакцын бус нийтлэл
НӨАТ-ын орлого улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж байна. Иргэдийн халааснаас эхлэлтэй, бүрдүүлэхэд ч хамгийн хялбар гэгддэг татвар болох НӨАТ-ын орлогын энэ крантаа хэт нандигнаа юу, эсвэл сонгуулийн жилийн төсөв гэх том бялуугаа хэдийнэ хүртээмжтэй хуваарилчихсандаа эрдэв үү, Жавхлан сайд минь. Ямартай ч төсвийн үргүй зардлаа хэдэн их наядаар нэмж зүрхэлсэн ч иргэдийн хэрэглээг урамшуулах 600 тэрбум төгрөг төсөвт сох дутна гэж байдгаараа чанга хашхирав. Хашхирахдаа, хавь ойрын бүхнээ тал тохой татаж, түлхэж, шахаж, айлгаж, төгрөгөөр гал өрдөж сууна.
НӨАТ-ын хамрагдалт улсын хэмжээнд 60 гаруй хувьтай байна. Энэ хувь хэмжээг 90 хувьд хүргэхийг үе үеийн Сангийн сайд нар хүсч байсан. Харин хэрэглээний татварын хамрагдалтыг нэмэх сонгодог арга нь өөрөө өнөөх хэл ам дагуулсан урамшууллын асуудал. Маш энгийн уялдааг эндээс харж болно. Урамшуулал нэмэгдсэнээр иргэд баримтаа шаардаж, НӨАТ-тай худалдан авалтыг түлхүү сонгоно. Ингэснээр хамрагдалт нэмэгдэж, татварын бааз өргөснө. Дагаад төсөвт төвлөрөх орлого нэмэгдэнэ. Тэгвэл өссөн орлогоос урамшууллаа жаахан ахиу тооцоход юу нь болохгүй гэж.
Иргэдээс эхлэлтэй энэ хүсэлт унах эсэхийг гэхдээ Жавхлан сайд шийдэхгүй нь үнэн. Сонгуулийн жилийн өмнөх төсвөөрөө саналын эрхтэй гишүүдийг боосон ч гарын үсгээрээ баталгаажуулан, бүртгэлээрээ санал өгсөн Монгол улсын идэвхтэй 100 мянган иргэний дэмжсэн санал гэдгийг мартаж болохгүй. Агуулга, утга учир, шалтаг шалтгааны хойноос хөөцөлдөөд явах уу. Иргэдийн оролцоог хангах түүхэн үйл явдлын эхлэлийн шанг хамтраад зөв таталцах уу. Юунд муйхарлана вэ, Жавхлан сайд аа. Нийтийн асуудалд ганцаараа хожсон түүх байхгүйг сануулъя.