Сүүлийн үед нийгэмд өрнөж буй хүнд асуудлуудаас шалтгаалаан хүмүүсийн сэтгэл зүй тогтворгүй болж байна. Бид манай улсын иргэдийн сэтгэл зүйн түвшин ямар хэмжээнд байгаа болон сэтгэл зүйн асуудлаас хэрхэн ангижрах талаар ССҮТ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгээс тодрууллаа.
Тэрээр “ДЭМБ-аас гаргасан судалгаанд дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэл зүйн хувьд тулгамдсан асуудалтай байна гарсан. 100 хүний 25 хүн нь гэсэн үг. Энэ нь магадгүй дөрвөн ам бүлтэй гэр бүлийн нэг гишүүн нь ууртай, бухимдалтай, тулгамдсан байх магадлалтай гэдгийг харуулж байна.
Нийгэм гэдэг нь маш олон хүмүүс болон институдээс бүрддэг. Ямарваа зүйлийг хүлээж аваад, буцааж илэрхийлэх үйлдэл нь хүн бүрд өөр өөр байдаг. Стресс гэдэг нь тухайн зүйлийг хэрхэн хүлээж аваад, буцаагаад яаж гаргаж байгаа вэ гэдэг цикл. Илэрхийлэхгүй байх тусмаа хүмүүс дотроо маш бугшмал болдог. Удаан хугацаанд хурааж явсаар гэнэт ууртай болох, гэнэт цочмог болох зэрэг үйлдлүүдийг гаргадаг.
Хэрвээ танд хэцүү, төвөгтэй, сөрөг санагдсан бол түүнийгээ удаан хугацаанд хадгалж явах бус илүү илэрхийлдэг байх хэрэгтэй. Үг яриагаар болон үйлдэл, хөдөлгөөнөөр илэрхийлдэг байх.
Монголчуудын сэтгэл зүйн нэг онцлог нь ямарваа нэгэн юмыг хүлээж аваад, шууд илэрхийлэхдээ муу. Сэтгэл зүйн хувьд хүлээж авчхаад, нэлээн хэсэг хугацааны дараа түүнийгээ гаргадаг. Удаан хугацааны туршид хурааж хурааж эргээд тэр нь стресс бухимдлаар илэрхийлэгдэх байдал түгээмэл байдаг учраас ямар нэгэн зүйлийг хүлээж авсан бол буцаад хүмүүстэй хуваалцах, ярилцах нь хамгийн чухал.
Ханиадаар аваад үзвэл ханиад хүрчхээд түүнийгээ хурдан эмчилбэл хүндэрдэггүй. Ханиадтайгаа удаан хугацаанд явбал магадгүй уушгины хатгаа болох эрсдэлтэй. Үүний адил өөрт үүссэн мэдрэмжээ, дотор хэцүү, давчдаад байгаа зүйлээ хуваалцах нь хамгийн чухал.
Сэтгэл зүйн хувьд бухимдалтай хүнд туслах хамгийн чухал арга нь тухайн хүнд ямар байгаа, ямар мэдрэмж төрж байгааг асуух гэж тодорхойлдог” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.