НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийн саналыг авч байна. Энэ асуудлаар бид эдийн засагчаас тодруулахад "Таван хувь болгон нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ улсын төсвийн бүрдүүлэлт багасах тул Засгийн газраас дэмжихгүй байх магадлалтай" гэдгийг хэлж байна. Одоогоор 60 гаруй мянган хүн дэмжиж саналаа өгөөд байгаа юм.
БУЦААН ОЛГОЛТЫГ ТАВАН ХУВЬ БОЛГОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгох боломжтой эсэх талаар эдийн засагч Г.Батзоригоос тодрууллаа.
Тэрээр “Болохгүй зүйл байхгүй. Онолын хувьд угаасаа болно. Зарчмын хувьд ч хоёр байна уу, тав байна уу, хэд ч болгох бүрэн боломжтой.
Гол санаа зовж байгаа асуудал нь төсвийн татварын орлогын 24 хувьтай тэнцэх хэмжээний татвар бүрдүүлж буй НӨАТ гэдэг орлогыг улсаас ингэж өгөх үү. Би “Үгүй” л гэж бодож байна. Сангийн сайд ч үгүй гэдгээ хэлсэн. Цаанаа төсөл хөтөлбөр, зарцуулалтаа аль эрт төлөвлөсөн байгаа. Тийшээ фокуслаад, иргэдэд гар дээр өгөх сонирхол төрд алга байна.
НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болговол аж ахуйн нэгжүүд илүү хяналтад орно. Иргэд НӨАТ-аа нэхэх нь өндөр болж, улам л НӨАТ-аараа урамших нь нэмэгдэнэ. НӨАТ-ыг явуулж буй гол экосистем нь буцаан олголт болон сугалаа. Сугалаагаа болиуллаа гэхэд их нөлөө гарахгүй.
Миний 2019 онд хийсэн судалгаагаар нэг хүнд дунджаар 170 орчим мянган төгрөг, одоогоор бодвол 200 гаруй мянган төгрөг жилд НӨАТ-аас авдаг. Энэ хоёр хувийг таван хувь болговол үржигдээд, нэг хүнд жилд дунджаар 400 гаруй мянган төгрөг орж ирэх болов уу гэсэн судалгаа бий. Мэдээж энэ нь дундаж дүн учраас зарим хүн маш их хэмжээгээр өндөр төлж байгаа. Харин зарим нь маш бага хэмжээгээр төлж байна. Үүнийгээ анхаарах ёстой.
Иргэдийн орлогын эх үүсвэр талаасаа харвал энэ нь нэг талдаа хэрэгтэй зүйл. Тодорхой хэмжээнд аж ахуйн нэгжүүдээ албажуулж байна. Иргэдийн орлогын хоёр дахь эх үүсвэр шиг болж ашиглагдаж байна. Анх амин сүнс логик нь бүх буцаан олголтыг нь өгдөг байсан. Эдийн засгийг, үнийг тодорхой болгох гэж гаргасан зүйл. Үүнд хоёрыг тав болгоно, болгохгүй гэсэн зүйл байхгүй. Цэвэр Засгийн газар юу гэж үзэж байгаагаас л хамаарна” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.