Сэтгүүл зүйн салбарт 16 жил ажиллахдаа, спортын сэтгүүлчээр дагнан, салбартаа үнэлэгдсэн, туршлагатай сэтгүүлч А.Алтанчимэг Өрөг.мн сайтад ажиллахаар боллоо.
Тэрээр 2004 онд СУИС-ийн Радио телевизийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Улмаар МҮОНТ-ийн “Үдшийн хэмнэл” залуусын нэвтрүүлгийн студид сэтгүүлч, хөтлөгч, редактороор ажлын гараагаа эхэлж байв. Ингээд 2007 оноос спортын сэтгүүлч, хөтлөгчөөр дагнан ажиллах болжээ.
Харин 2010 онд “Шууд” телевизэд, 2013 онд “Спорт бокс” сувагт, 2014-2023 он хүртэл мэдээ мэдээллийн МНС телевизэд тус тус спортын сэтгүүлч, хөтлөгч, ерөнхий редактороор ажиллаж байсан юм.
Салбартаа олон жил тууштай зүтгэж буй түүний хөдөлмөр, зүтгэл, уран бүтээлүүдийг нь үнэлэн МСНЭ “Ган үзэг”, “Хэвлэл мэдээллийн тэргүүн” “Шилдэг менежер”-ээр тус тус шагнаж байсан юм. Мөн МҮОХ-ны “Алтан медаль”, Монголын Үндэсний Паралимпын Хорооны “Алтан медаль”, БТСУХ-ноос “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнаж байсан аж.
Сэтгүүлч А.Алтанчимэг нь 2010 оноос хойш, “Оргилд хүрэх зам” спортын нэвтрүүлгээ өнөөдрийг хүртэл таслахгүй хийж, үзэгчдийн талархлыг хүлээсэн юм. Түүний 13 жил хийж, бүтээж буй ярилцлагын нэвтрүүлгүүд долоо хоног бүр Өрөг.мн-ээр үзэгч та бүхэнд хүрэх болно.