21 жилийн турш “засраагүй” ноцтой гэмт хэргүүдийг үйлдсээр байсан сэжигтэн Г.Гантулгыг “сайн хүмүүжигч” гээд хугацаанаас нь өмнө сулласны горыг 12 настай бяцхан охин амиараа төллөө.
Насан хүрээгүй хүнийг хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх, хорих ангиас оргон зайлах гэмт хэргүүдийг удаа дараа үйлдэж байсан сэжигтэн Г.Гантулга 2016 онд “хүмүүжсэн, сайн хоригдол” нэрийдлээр хугацаанаасаа өмнө буюу 2016 оны есдүгээр сарын 2-ны өдөр Төв аймгийн хорих 415 дугаар ангиас суллагдаж байв. Ингэхдээ тэнсэнгээр суллагдсан ба дөрвөн жилийн дараа буюу тэнсэн харгалзах ял нь дууссаны дараа дахин онц ноцтой гэмт хэрэг үйлдэв.
Сэжигтэн Ганбаатар овогтой Гантулга нь
1. 1995.01.20-ны өдөр Эрүүгийн хуулийн 123.1 /хулгайлах/-д заасан гэмт хэрэгт 6 сар баривчлах,
2. 1998.03.19-ний өдөр Эрүүгийн хуулийн 112.2, 123.3, 125.2 /насан хүрээгүй хүнийг хүчиндэх, хулгай, дээрэм/-д заасан гэмт хэргүүдэд 12 жил хорих,
3. 1999.12.17-ны өдөр Эрүүгийн Хуулийн 123.3, 211.1 /хулгайлах, оргох/-д заасан гэмт хэрэгт 14 жил 3 сар 14 хоног,
4. 2009.04.13-ны өдөр Эрүүгийн хуулийн 261.2 /оргох/-д гэмт хэрэгт 6 жил 1 сар хорих ял,
5. 2014.07.24-ний өдөр ЭХ-ийн 147.2 /дээрэмдэх/-д заасан гэм хэрэгт 6 жил хорих ял тус тус шийтгэгдээд 2016.09.02-ны өдөр суллагдсан юм.
Хачирхалтай нь 2016 оны 09-р сарын 02-нд Төв аймгийн Баян сум дахь Хорих 415-р ангийн даргын хүсэлт, нийгмийн ажилтаны тодорхойлолт, прокурорын дүгнэлт, шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө суллагдаж, 1 жил 29 хоног тэнсэн харгалзах ял эдэлжээ.
Олон удаагийн гэмт үйлдэлтэй түүнийг шоронгийн дарга сайн хүмүүжиж байна хэмээгээд 6 сарын ялаар шагнаж байсан ба зургаан удаа хугацаанаас нь өмнө суллуулах өргөдлийг прокурорт гаргаж, прокурор 7 дахь өргөдлийг хүлээн авч, шүүх рүү шилжүүлж, шүүгч Ю.Энхмаа суллах шийдвэр гаргаж байсан байна.