Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хүүхэд хамгааллын талаар хэлэлцлээ. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал хүүхдийг эрсдэлээс хамгаалахад Ekids платформ хэрэглэх талаар мэдээллээ.
ЦХХХ-ны сайд Н.Учрал “Хүүхэд хамгааллын асуудал маш том эмзэг сэдэв болж байна. Маш олон эцэг, эхчүүдийн сэтгэл зовниж байна. Би өөрөө өсвөр насны хүүхэдтэй хүний хувьд үр хүүхэд минь хаана явж байна вэ гэдэгт үргэлж санаа зовдог. Google family link гээд бэлэн платформ байдаг. Би утсан дээрээ үүнийг суулгаад, хүүхдүүд, эхнэрээ бүртгэсэн. Ингэснээр интернэтийн хэрэглээг нь би хязгаарлах боломжтой. Ямар сайт руу орж, ямар мэдээллүүд авч байна, насанд хүрэгчдийн янз бүрийн контент үзэж байх вий, гэмт хэрэг зөрчилд уриалсан контент үзэж байх вий гэдэгт сэтгэл зовнидог. Тиймээс ингээд тохируулдаг. Манай хүүхэд хичээлээ тараад, ямар газраар явж гэртээ ирж байгааг нь хардаг.
Google family link бол дэлхий нийтээр хэрэглэж буй бэлэн платформ. Үүнийг бид амьдралд нэвтрүүлэхээр НҮБ-ын хүүхдийн сантай хамтран, зөвлөгөө авч Ekids.mn-ийг ашиглаж эхэлсэн байсан. ийшээ ороод үзвэл Google family link хэрхэн татах, яаж хэрэглэх, хүүхдүүдээ яаж бүртгэх талаар заавар зөвлөмж байгаа. Тиймээс би өнөөдөр E–mongolia-ийн 1,6 сая хэрэглэгчид хүүхдийнхээ байршлыг зайнаас хянах болон бусад заавар зөвлөмжийг Ekids.mn-ээс аваарай гээд зөвлөмж явуулсан. Энэ зөвлөмжийн дагуу эцэг, эхчүүд Google family link татаж, хүүхдүүддээ хяналт тавиасай гэж хүсэж байна.
Цаашдаа бид хүчирхийлэлд өртвөл дуут дохио дугардаг системийг хөгжүүлэх шаардлага үүсэж байна. Ингээд Amber alert руу манайд нутагшуулаач гэдэг хүсэлт Харилцаа холбооны зохицуулах хорооноос явуулсан. Гэсэн ч бидэнд хариулахдаа яг одоо танай Засгийн газартай ямар сувгаар яаж харилцах нь ойлгомжгүй байна. танай хууль эрх зүйн орчин ямар байна вэ гэдэг асуулт асуусан.
Цахим орчин дахь хүүхэд хамгааллынхаа ядаж орчныг нь тодорхой болгож, эрүү зөрчлийн хуульдаа цахимаар залилах, цахимаар хүүхдийг садар самуунд уруу татах, гэмт хэрэгт уриалан дуудах зэрэг ёс бус үйлдлүүдийг зохицуулах эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай байна.
E-mongolia платформоо ашиглаад, Ekids байршуулж, эцэг, эхтэй нь холбоё. Ингэснээр яаралтай тусламж, 103, 102, 101 зэргийг дуудахад эцэг, эхэд нь очдог байхаар шийднэ. Хүүхэд хүчирхийлэлд өртөх зэрэг тохиолдолд кноп дараад, эцэг, эх рүү нь байршлын линк очдог байдлаар гэсэн үг юм.
Бид Ekids-ийг долоо хоногийн дотор нэвтрүүлнэ. Хүүхдүүдээ оруулаад, холбоорой. Ингэхээр интернэт, дата байхгүй гэдэг асуудал яригдана. Би өнөөдөр оператор компаниудтай холбогдож, Харилцаа холбооны зохицуулах хороонд чиглэл өгсөн. E-mongolia-ийн Ekids-ээр ороход дата гүйдэггүй, үнэгүй хэрэглэдэг болгоё гэж хэлсэн” гэв.