“Гашуун яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УДЭТ-ын найруулагч М.Батболдыг урилаа. Түүний яриаг хүргэж байна.
Намайг Мягмарнарангийн Батболд гэдэг. Би 2018 онд Москвагийн театр урлагийн академийг төгсөж ирсэн. Тав дахь жилдээ ажиллаж байна. Би дээрээ хоёр ахтай, айлын бага хүү. Аавынхаа гарт л “чанагдаж” өссөн. Аав бол миний багш, амьдралын маань гүн ухаан. Миний амьдралын зөвлөгч гэх юм уу даа. Аав “Гэм зэм”, Фауст хоёрыг үзчихээд “Миний хүү найруулагч болсон юм байна аа” л гэж хэлсэн юм. Энэ үг надад маш том урам өгч байсан.
Зэмлэл гэвэл, аав зэмлэдэггүй, дуугүй болчихдог. Дуугүй байна гэдэг чинь маш том зэмлэл. Анх Фаустыг тавьсан зорилго бол жүжгээ тавиад, бичлэгээ аваад л яваад өгөх байсан юм. Ийм жүжиг монголдоо тавьсан гээд дипломоо хамгаалах. Жүжиг тавиад хоёр, гурав хоногоос шуугиад эхэлсэн. Тэгэхэд манай 25-30 насны залуучууд өнөөдөр сэтгэлгээний хувьд, театрын, орчин үеийн, мэргэжлийн хандлагыг ойлгож, хүлээж авах нөхцөл нь бүрэлдсэнээс гадна, хүсэж байсан зүйл нь гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл, оюуны цангаа, сэтгэлгээний цангаа, агуулгын цангаанд орсон байсан.
Гэхдээ толины нөгөө тусгалд сөрөг тал байна. Ойлгохгүй, хүлээж авахгүй, тайван бүсдээ гацчихсан. Ойлгож мэдрэх нь битгий хэл цангахгүй болчихсон хэсэг бас байна. Би бол залуучууддаа найдаж байгаа. Театрын урлагийг мэддэггүй хүмүүст эмгэнэмээр байдаг.
Хүн бол аялагч, амьдрал өөрөө аялал. Олон хүнтэй танилцаж, олон газар үзэж, олон юм ойлгох агуу хүсэлд автагддаг. Явах хүсэл байгаа нь сайн. Явах л хэрэгтэй. А цэгээс Б цэг рүү очихыг хүсэж байна. Явах ёстой. Аяндаа ойлгож мэдэрнэ. Гэхдээ баталгаатай нэг юм хэлэхэд буцаж ирэх нь гарцаагүй шүү. Би олон хүнийг харж байсан. Тэнд үлдчихээд яг сэтгэлийн тамд, ганцаардлын тамд байдаг. Өрөвддөг. Тийм орчинд очихоор хүн өөрийгөө 360 градус эргүүлж хардаг юм билээ. Өөрийнхөө олж мэдээгүй дутагдлуудыг, олж мэдээгүй муу чанаруудыг олж хардаг юм билээ.Бас өөртөө байгаа маш сайн чанарыг олж хардаг.
Туулахад хамгийн хэцүү байсан өдрүүд Москвад өнгөрсөн. Театр урлагийн академид сурч байсан үе. Өдөр бүр, секунд болгонтой тэмцэж байсан. Өөрөөсөө шинэ юм нээх гэж, бодох гэж, сурах гэж, тэнцэх гэж тэмцдэг. Зун амраад ирсэн ч гэсэн “Есөн сард яана аа” гэсэн айдастай. Одоо бодоход гоё санагдаж байгаа юм.
Манай нэг таньдаг хүн хэлж байгаа юм. “Чи ингэж зовж ажиллаад яах юм, зүгээр жаргаж ажилла л даа” гээд. Би тэрийг ойлгоогүй. Миний хувьд жаргаж байгаадажиллах ямар ч боломж байхгүй. Жаргаж байгаад бүтээнэ гэж байдаггүй юм аа. Яагаад би өөрийгөө зовоогоод байдаг юм бэ. Энэ бүтээлийг гаргах гэж зовох нь өөрөө жаргал.
Одоо манай нийгэм үнэхээр халтар байна. Юу нь халтар байна гэхээр, сэтгэлгээ нь. Чөлөөлөгдөөгүй байна. Бид бүгдээрээ нэгнээ үзэн ядаж байна. Нэгнийгээ харлуулж бодож байна.Нэгнийгээ доош нь хийх гэж үзэж байна. Энэ намгандаа өөрийнхөө тухтай бүсийг бий болгоод, улам доошилж, хөгжлөөс алсраад, шигдээд байна. Залуучууддаа найдаж байна. Одоо бид тэмцэх ёстой. Бид гэрэл гэгээний төлөө тэмцэх ёстой. Ойлгож нэгдэхийн төлөө, хөгжилд нэгдэхийн төлөө, бодож сурахын төлөө, бүтээхийн төлөө тэмцэх ёстой. Тэмцэж чадвал нэгэн үеийн шилжилтийн үр дүнг харна” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.