Ерөнхий сайд газар тариалангийн бүсэд ажиллах үеэр “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нарын тариаланчид хүсэлт тавьж, түүнийгээ шийдвэрлүүлэв. Тодруулбал, тариалангийн талбай руу мал ороод байгаа учир хашаажуулах, цаашлаад, бэлчээрийн малыг хол байлгах асуудлыг ч ярилаа. Үүний хариуд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “9 тэрбум төгрөгөөр тариалангийн талбайн хашаа барих асуудлыг шийдэж өгнө” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, тариаланчдын хувийн өмчийг хамгаалахын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь гаргах нь.
Тариалангийн талбай руу мал орж, ургацынх нь 30 орчим хувийг нь идчихдэг гэдэг асуудал жил бүр яригддаг. Тариа будаа бол манай улсын хүнсний салбартай, идэх гурилтай холбоотой асуудал учир төр анхаарах нь зүйн хэрэг. Гэхдээ энд бид Ерөнхий сайдад хүсэлт тавьж, халаасандаа гараа хийн зогсох Л.Чинбат гэдэг хүний тухай ярихгүй өнгөрч болохгүй. Хууль бусаар газар авсан, сангийн мөнгө цөлмөсөн хэрнээ одоо хүртэл ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүй өнөөдрийг хүрч байгаа юм.
Л.ЧИНБАТЫГ БУРУУТГАХ ҮНДЭСЛЭЛҮҮД ЮУ БАЙНА ВЭ?
1. Хуучнаар тариалан эрхлэлтийг дэмжих санг цөлмөсөн ч компаниа татан буулгаж,өрөө төлөөгүй хүн бол Л.Чинбат. ХХААХҮЯ-ны сангуудад ямар ч өр төлбөр байхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, "зээлгүй" гэж таг гүрийж байгаа Л.Чинбатын “Мөнх улз” ХХК ХААДС-аас авсан нэг тэрбум 26 сая 428 мянган төгрөгийн зээлээ одоог хүртэл төлөөгүй байна. Гэвч тэр тэрбумаар хэмжигдэх зээлтэй гэж тоосон шинжгүй Ерөнхий сайдын өмнө ам бардам зогсож байна. Хууль, шударга ёс хаана байна вэ?
2. Тэрээр тариалангийн талбай нэрээр Сэлэнгэ аймагт их хэмжээний газрыг хашаалж авсан байдаг. Одоо хашаалсан газраа улам бэхжүүлж, төсвийн мөнгөөр хашаа татуулах гэж байна. Л.Чинбат Малчдын бэлчээрийг тариалангийн талбай нэрээр "булаасан". Одоо Эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар Сэлэнгийн хойд бүсийн аль үржил шимтэй, онгон зэлүүд газруудыг уул ус, ургамал амьтантай нь хэдэн арван га-аар нь хашаалж, торлож байна. Тэнд нь зөвхөн Чинбатын дархан сүрэг бэлчээрлэнэ. "Гацуурт"-ын Чинбатын тариан талбай руу малчид жилийн аль ч улиралд, бүр тариа ногоогоо хурааж дуусан өвөл ч малаа оруулах эрхгүй. Тариан талбай руу оруулсан л бол малаас нь ачаад л явчихдаг. Мөнгөөр торгоно, сүүлдээ малчдыг шүүх цагдаагаар дарамталж, айлган сүрдүүлдэг, газраа тусгаарлаж ухсан нүхэнд нь мал нь унаж үхдэг, малчид нүүхдээ Чинбатын торлосон хашаануудыг тойрч явдаг учраас өвлийн хүйтэнд даарч хөрөхөөс өгсүүлээд маш их бэрхшээлтэй учирдаг. Хууль бусаар газраа авсан, хүчээр орж ирсэн гэдгийг нь ч Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газраас баталсан байдаг.
3. Л.Чинбат өнгөрсөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум рүү адуу тууж ирж оруулахыг завдсан. Шаардлага тавьсан нутгийн иргэдийг машинаараа дайрахыг завдаж, тэднийг одоо ч танил тал, хууль шүүхээр айлгасаар, “даам гарсаар” буй. Тэрээр хууль журам зөрчиж дураар авирласаар буйг аймгийн мэргэжилтнүүд ч анхааруулж байсан. Мал эмнэлгийн Ерөнхий газраас энэ талаар тодруулахад "Халдвартай бүсээс халдваргүй бүс рүү мал хөлөөр нь оруулах боломжгүй. Иймээс бид зөвшөөрөлгүй дур мэдэн адуу тууж ирснийг нь зогсоохоор ажиллаж байна. Яг одоо Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Бүдүүний гүүрэн дээр адууг хашаад байна. Аймгаас мэргэжлийн байгууллагууд очсон" гэж байсан юм.
4. Аав охин хоёрын ашиг сонирхлын зөрчлийг ч энд дурдах учиртай. Соёлын сайд Л.Номингийн аав нь хууль зөрчиж, давуу эрх эдэлж байгаа нь ашиг сонирхлын зөрчил мөн. Ерөнхий сайд ч энэ гэр бүлд онцгой эрх эдлүүлж байгаа нь ч ашиг сонирхлын зөрчилд зүй ёсоор хамаарна. Аав нь тэрбумын зээлээ төлөөгүй, охин нь Говь-Алтай аймгийн сургуулиудад интернэт төхөөрөөмж хувиасаа бэлэглэсэн гээд асуудал хөвөрнө. Энд ч бас асуудал яригдах учиртай.
Л.Чинбат, Л.Чинбатынхан Монгол улсын бүхэл бүтэн аймаг, газар тариалангийн бүсийг эзэгнэж байна. Хуулиас дээгүүр дураараа дургиж байна. Тэдэнд хэн хариуцлага тооцох вэ?