Бид ой тогтоолтын спортын дэлхийн аварга ихэр охидыг онцолж байна. 15 минутын баганан үг цээжлэх төрөлд 14 жилийн дараа өсвөрийн дэлхийн рекордыг тогтоосон Олон улсын мастер Цэнгэлбаярын Номин-Эрдэнэ түүний ихэр ой тогтоолтын Их мастер, Дэлхийн аварга Цэнгэлбаярын Оюун-Эрдэнэ нар юм. Ихэр охид 16 настай бөгөөд зургаадугаар ангиасаа ой тогтоолтын спортоор хичээллэж эхэлжээ. Тэд үргэлж хамтдаа бэлтгэлээ хийн, тэмцээний үеэр нэгнээ дэмжиж, нэгнээсээ үргэлж суралцдаг байна.
Ц.НОМИН-ЭРДЭНЭ БАГАНАН ҮГ ЦЭЭЖЛЭХ ТӨРӨЛД 14 ЖИЛИЙН ДАРАА ДЭЛХИЙН РЕКОРД ТОГТООЖЭЭ
Ц.Номин-Эрдэнэ өнгөрсөн жил олон улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр, ДАШТ-ний өсвөр насны ангилалд гуравдугаар байранд орсон байна. Энэ жил ДАШТ-ний өсвөр насны ангилалд аварга, Улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байранд орсон. Харин Азийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр насны ангилалд аварга болж, нийт оноогоор хоёрдугаар байранд оржээ.
Мөн 15 минутын баганан үг цээжлэх төрөлд 14 жилийн дараа 264 оноогоор өсвөрийн Дэлхийн рекорд тогтоосон байна. Өмнө нь энэ рекордыг БНХАУ-ын тамирчин Дэлхийн аварга Wei Qinru 244 оноогоор эзэмшдэг байсан юм.
Харин түүний ихэр Ц.Оюун-Эрдэнэ 2022 оны өсвөрийн Улсын аварга, 2022 оны өсвөрийн Дэлхийн аварга. 2023 оны өсвөрийн дэд аварга, Азийн өсвөрийн дэд аварга болж, нийлбэр дүнгээрээ гуравдугаарт орсон амжилттай.
Тэд анх ой тогтоолтын спортоор өөрсдийн хүсэл, эрмэлзлээр хичээллэж эхэлсэн байна. Өөр бусад зүйлээс илүү энэ спортдоо хайртай. Цаг, хичээл зүтгэл гээд бүх зүйлээ зөвхөн энэ спортдоо зориулж бэлтгэлээ хийдэг гэсэн юм. Тэд “Ой тогтоолтын спорт хүмүүсийг залхаахгүйгээр аливаа мэдээллийг хурдан, чанартай цээжлүүлж чаддаг” гэж тодорхойллоо.
ОЙ ТОГТООЛТЫН СПОРТ ТУУШТАЙ ЗАН, СЭТГЭЛИЙН ХАТ СУУЛГАЖ, ХАМГИЙН ГОЛ НЬ СУУЖ СУРГАСАН
Ихрүүд ой тогтоолтын спортоор хичээллэж эхлэхдээ залхуу, заримдаа хийгээд, заримдаа хийдэггүй, тууштай биш байжээ. Тэд дөрвөн жилийн хугацаанд тууштай зантай болсон тухайгаа хуваалцсан юм.
Ц.Номин-Эрдэнэ “Хэцүү байдал, саад тотгор тулгарахад хөнгөн давах сэтгэлийн хаттай болсон. Зарим зүйлээ муу, заримдаа сайн хийнэ. Тиймээс тууштай зан чухал. Үргэлж сайн хийхгүй, үргэлж муу ч хийхгүй учраас удаан хийх сэтгэлзүйтэй болж, сууж сурдаг. Нэг цаг тоогоо цээжлээд, хоёр цаг санаад, гурван цаг нам суух хэцүү. Гэхдээ сууж сурдаг. Юунд дуртайгаа мэдсэн учраас үүнд цаг, сэтгэл гээд бүх зүйлээ зарцуулж сурсан” гэв.
Ц.Оюун-Эрдэнэ “Зөвхөн ой тогтоолтын спорт гэлтгүй аливаа зүйлийг сурахдаа илүү өөртөө итгэлтэй болсон. Шинээр ямар нэгэн зүйл сурч эхлэхдээ өмнө нь “чадахгүй” гэсэн сэтгэл зүйтэй эхэлдэг байсан. Харин одоо “Би ийм зүйлийг чадсан юм чинь үүнийг ч чадна” гэдэг сэтгэлзүйтэй эхлүүлдэг болсон.
Сууж сурах нь хамгийн чухал. “Сууж сурснаар сурч чадна” гэдэг үг байдаг. Олон цагаар сууж бэлдэхдээ залхдаггүй. Аливаа зүйлийг чанартай хийдэг болсон” гэж ой тогтоолтын спортоор хичээллээд өөрсдөдөө суулгасан чадваруудаа хуваалцлаа.
ЧАНАРГҮЙ ОЛОН БУС ЧАНАРТАЙ ЦӨӨН БЭЛТГЭЛ ХИЙХИЙГ ЧУХАЛЧИЛДАГ
Ихрүүд үргэлж хамт байдаг учраас ханьтай, бие биедээ найдаж, сэтгэл амар байдаг аж. Хамтдаа бэлтгэлээ хийж, нэгэндээ зааж, зөвлөдөг учраас сонирхолтой, илүү үр дүнтэй байдаг гэв.
Ц.Оюун-Эрдэнэ “Бид хоёр анх 40 цифр ч цээжилж чадахгүй, дандаа алддаг байсан. Ой тогтоолтын спортын дүрэм нь хоёр цифр алдсан бол 40 цифр бичсэн байсан ч тэглэдэг. Хамгийн гол нь алдаагүй цээжлэх ёстой. Бага багаар хийж, алдаагаа зассаар сайжирдаг.
Бид хоёр олон бэлтгэл хийх биш чанартай хийх нь чухал гэж үздэг. Тиймээс чанаргүй олон биш чанартай хэдэн удаа хийе гэж бодоод бэлтгэлээ хийдэг” гэсэн юм.
“ЯЛСАН Ч, ЯЛАГДСАН Ч ӨӨРИЙГӨӨ ЯЛАН ДИЙЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ ГЭЖ ААВ, ЭЭЖ МААНЬ ЗАХИДАГ”
Ц.Номин-Эрдэнэ “Бид хоёрыг тэмцээнд орохоор ээж аав хоёр маань “Чадахаараа л сайн хийгээрэй” гэж захидаг. “Муу хийсэн ч, сайн хийсэн ч юм үзээд, өөрийгөө ялан дийлж байгаа нь чухал” гэдэг.
Тэмцээнд орохдоо гэр бүлээ, ээж, аавыгаа их боддог. Энэ их мөнгийг төлсөн юм чинь ээж, аав, гэр бүлийнхээ итгэлийг алдаж болохгүй. Чадахаараа сайн хийх хэрэгтэй. Хүний хүүхдүүдээс юугаар дутах вэ чадахаараа л сайн хийе гэж боддог. Хоёулаа хоорондоо “Одоо хоёулаа сайн хийнэ шүү” гээд л ярьдаг” гэв.
Ихэр охид нэг нэгнийхээ хамгийн сайн чадварууд, давуу талуудыг тодорхойллоо.
- Ц.Номин-Эрдэнэ “Манай ихэр тэмцээн дээр юмаа тогтвортой сайн хийдэг. Сэтгэл зүйн хат сайтай. Би тэмцээн дээрээ жаахан муу хийх гээд, сэтгэл санаагаар унах гээд байдаг. Анх сэтгэлээр унаад заримыг нь муу хийгээд, заримыг сайн хийгээд савлагаатай байсан. Ихрээсээ тэр талаар нь суралцаад, тэмцээн дээрээ жигд хийдэг болсон” гэв.
- Ц.Оюун-Эрдэнэ “Манай ихэр их сэтгэлийн хүчтэй. Нэг төрөлдөө муу хийсэн ч дараагийн төрөлдөө сайн хийх сэтгэлийн хаттай. Энэ нь тамирчин хүний хувьд маш чухал чадвар. Энэ чадвар нь энэ амжилтад хүргэсэн гэж бодож байна” гэсэн юм.
ДЭЛХИЙН ТАВЦАНД ЭХ ОРНЫХОО ДАЛБААГ БАРИАД ГАРАХАД ОГШИЖ, ИХ ГОЁ МЭДРЭМЖ ТӨРДӨГ
Ц.Номин-Эрдэнэ “Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргах маш гоё. Улсынхаа далбааг бариад гарахаар огшоод, их гоё мэдрэмж төрдөг.
Заал дүүрэн улс улсын шилдэг тамирчид сууж байгаа учраас нэлээн сандарна. Энэ тамирчныг яаж ялах вэ, илүү сайн хийх болов уу гэх мэтээр сандрал байдаг. Тиймээс өөрөө өөртэйгөө өрсөлдөнө. Би хэдэн жилийг юунд зарцуулсан билээ, миний энэ хөдөлмөр хэдхэн секундын сандралаар хийсчих юм уу гэж бодоод сандралаа давдаг” гэсэн юм.
Ц.Оюун-Эрдэнэ “Таван минут, арван минут гээд цээжлэх хугацаа байгаа болохоор хангалттай сандралаа дарж чадна. Сандарсан ч өөрийнхөө бэлтгэл дээрх үзүүлэлтээр хийхийг эрмэлздэг” гэв.
“ХАМТДАА БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ, ХАМТДАА ТЭМЦЭЭНД ЯВАХАД ТҮШИГТЭЙ ГОЁ БАЙДАГ”
Тэд бусад эгч дүүс, ихрүүдийн л адил муудах, сайндах үе бий. Онцлог нь тамирчид учраас нэгэнтэйгээ өрсөлдөж илүү хурцлагддаг тухайгаа хуваалцсан юм.
Ц.Номин-Эрдэнэ “Бид хоёр хааяа хувцсаа булаацалддаг. Гэхдээ бие биеийнхээ хувцсыг ээлжилж өмсдөг.
Бэлтгэл дээрээ яалт ч үгүй нэг нэгнийхээ дээр гарна гээд өрсөлдөж хийдэг учраас сайн хийдэг гэж боддог. Харин тэмцээнд оролцохдоо бие биеэ дэмждэг. “Хэн нь ч дээр байсан яах вэ, чадахаараа л сайн хийе” гэсэн бодолтой байдаг.
Олон улсын тэмцээнд хамтдаа явдаг. Тийм болохоор тэмцээн дээр бие биеийнхээ сэтгэл зүйг дэмжиж, яаж хийх үү гэж хоорондоо ярилцаад, юу хийхээ тодорхой болгочихдог болохоор дэмтэй байдаг. Тэмцээн дээрээ ойрхон суудаг болохоор юмаа хийж дуусчхаад хоорондоо ярилцаад, сэтгэл санаагаар дэмждэг” гэв.
Ц.Оюун-Эрдэнэ “Дандаа найзтайгаа хамт байгаа юм шиг байна. Энд тэнд явахад их түшигтэй. Надад хэцүү байвал ихэртээ хэлээд туслалцаа авна, хаана ч явсан артай, их гоё байдаг. Ямар нэгэн юм хийхдээ хувааж хийж болно.
Айлын ганц хүүхдүүд их ганцаарддаг юм шиг санагддаг. Зожиг болдог юм шиг. Бид хоёр угаасаа хоёулаа өссөн болохоор хүмүүстэй харилцахад ч амар байдаг” гэв.
“САЙН ТАМИРЧИН ШАРАНДАА ХУРЦЛАГДДАГ”
Ц.Номин-Эрдэнэ “Бид хоёр нэлээн шартай. Хоорондоо үзэлцдэг. Нэгнийхээ доор орчихвол “Энэ тэмцээнд доор нь орчихлоо, дараагийн тэмцээнд ихрээсээ сайн хийнэ дээ” гээд шарандаа хурцлагддаг. Сайн тамирчид шарандаа л хурцлагддаг юм шиг санагддаг.
Би анх эхэлж байхдаа нэлээн шартай хүүхэд байсан. Манай анхны багш намайг “Шартай юм аа, хол явах тамирчин байна” гэж хэлж байсан. Тухайн үед нэг их тоогоогүй ч одоо шартай тамирчид хол явдаг юм шиг санагдаж байна” гэв.
Ц.Оюун-Эрдэнэ “Би ирээдүйд хуулийн чиглэлээр сурах бодолтой. Мэдээж энэ спортоо орхихгүй гэж бодож байна.
Ц.Номин-Эрдэнэ “Би олон хэл сураад, олон улсын харилцаагаар сурах бодолтой байна. Би хэлний хичээлүүддээ илүү сайн. Ой тогтоолттойгоо хослуулаад шинэ үг цээжлэхэд хялбар байдаг. Тийм учраас хослуулаад, олон улсын харилцааг сонгосон” гэж өөрсдийн цаашдын зорилгыг хуваалцлаа.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.