Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор багш, эцэг эхчүүд юун дээр анхаарах шаардлагатай талаарх зөвлөгөөг цувралаар хүргэж байна. Боловсрол судлаач Г.Төмөрзаяа ингэж зөвлөлөө.
Эцэг эхчүүд хүүхдээ гэрийн ажил хийх юм бол мөнгө өгдөг ч юм уу, эсвэл хичээлээ хийвэл зурагт үзүүлдэг, чихэр өгдөг. Ийм амлалт өгөөд байгаа нь хүүхэд эргээд хэн нэгэнд зориулж, тухайн зүйлийг авахын төлөө үйлдэл хийдэг болгох сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, энэ хичээлийг хийх нь миний үүрэг гэж ухамсарлахаас илүүтэй энэ зүйлийг авахын төлөө л ээжид зориулаад хийчихье гэж боддог болчихдог. Ингэснээр хүүхэд хариуцлагагүй болж эхэлдэг. Сүүлдээ “Би даалгавраа хийгээд дуусчихвал та надад юу өгөх юм. Би энэ аягыг угаачих юм бол надад хэдэн төгрөг өгөх юм” гэж шалгаадаг болно. Эцэг эхчүүд ийм асуултад дарагдаад ирэхээрээ эргээд энэ асуудлыг яаж шийдэхээ мэдэхээ больчихдог.
Хоолныхоо аягыг угаах нь хүүхдийн үүрэг шүү дээ. Хичээлийнхээ даалгаврыг хийх нь бас л үүрэг. Тэгэхээр үүргээ ухаммарлахгүй байх, эргээд хүүхэд хариуцлагатай байж чадахаа болих сөрөг үр дагавар гарна. Том болоод ажлын байран дээр ажлаа тулгаж хийдэг, цалин нэмэх юм уу, шагнал өгнө гэсэн амлалт өгөх юм бол л ажлаа сайн хийдэг болоход шууд нөлөөлнө. Иймээс хойдын үр дагаврыг бодож хүүхдэдээ амлалт өгөхгүйгээр сайн хийж байгаа зүйлийг нь урамшуулаад, хийх ёстой зүйл шүү гэж ухааруулж ойлгуулаад хэлэх нь чухал. Жишээлбэл, хүүхдийн гэрийн даалгаварт А үсгийг хоёр мөр бичих даалгавар өглөө гэж бодъё. 1-р ангийн хүүхэд бүх үсгээ бүгдийг нь гоё бичдэггүй. Нам сууж байгаад хоёр мөрөө бичиж дуусгахгүй. 3,4 удаа бичээд залхуурна. Нэгийг нь муухай бичнэ, нөгөөг нь гоё бичнэ. Хамгийн гоё бичсэнийг нь “Хөөх, чиний энэ А үсэг чинь үнэхээр гоё харагдаж байна. А үсэг чинь яг болж байна. Чи А үсгээ бичээд сурчихсан юм биш үү, одоо үлдсэн үсгээ энэ А үсэг шигээ бичихэд болно оо гээд хэлэхээр хүүхэд “Би А үсгийг бичиж чадаж байна. Одоо би үүн шигээ бичиж болох юм байна гэдэг итгэл үнэмшлээрээ өдөөгдөөд, хийх дур хүсэл нь бий болж байдаг.
Тийм учраас хүүхдийн чадаж байгаа, арай дөхүүлж хийж байгаа зүйлсийг сайн олж хараад, түүн дээр нь урамшуулаад, дараагийн зүйлээ хийх тэмүүллийг нь төрүүлж байх нь зөв. Хөндлөнгөөс амлалт өгөх нь ямар ч үр дүнгүй, сөрөг үр дагавартай гэдгийг эцэг эхчүүд маань ухамсарлаасай гэж хүсэж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.