Өрөг.мн сайт “Эх орондоо үлдэнэ” цувралын энэ удаагийн дугаарт үйлдвэрлэгч, "Хотол констракшн" компанийн захирал Ц.Дагвадоржийг урилаа. БНСУ-д боловсрол эзэмшсэн тэрээр эх орондоо үйлдвэрлэл хөгжүүлэхээр зорьж байна. Эдний үйлдвэр малын гаралтай хаягдал өөхийг дахин боловсруулж, техникийн тос гарган авч байгаа юм. Энэ нь саван, тослох материалын түүхий эд болдог байна. “Би Монгол хүн учраас монголдоо хийж бүтээх ёстой. Солонгосоос ирснийхээ хэргийг эндээ гаргая гэж боддог, хичээдэг. Асар өргөн боломж байна шүү дээ” хэмээн Ц.Дагвадорж бидэнтэй ярилцлаа. Ингээд түүний яриаг хүргэе.
10 ЖИЛИЙН МАЛЫН ӨӨХ ҮНЭГҮЙ, ХАЯГДДАГ БАЙЛАА. ӨНӨӨДӨР ТОНН ӨӨХНИЙ ҮНЭ 700 МЯНГАД ХҮРЛЭЭ
2015 оны үеэс л Монголд малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хаягдал өөхийг дахин ашиглах боломж байна гэдгийг олж харсан. Угаасаа бид багаасаа л тосоороо боорцог хайрч идээд өссөн. Мэднэ шүү дээ. Гэтэл тухайн үед өөхөн тос асар их хэмжээгээр хаягддаг байсан. “Яагаад үнэгүй болчхов оо” гэж бодсон л доо. Ялангуяа, 2015 оноос хогийн цэгүүдээр маш их хаягдал өөх хуримтлагддаг байсан. Айлууд өөхнөөс татгалздаг, мах экспортлохдоо өөхийг нь ялгаад хаячихдаг зэрэг олон шалтгаан энд бий. Нядалгааны үеэр сэмжний өөх, дотор өөхүүд хүртэл хаягдаж байдаг шүү дээ. Гэтэл өнөөдөр Эмээлт зах дээр хаягдал болж байсан өөх кг нь 700 төгрөг болчихсон байна. 1 тонн хаягдал өөхний үнэ 700 мянган төгрөгт хүрчихлээ. Энэ бол бид өөхийг худалдан авч, боловсруулж эхэлсний бодит үр дүн. Бид одоо бүтээгдэхүүнээ Казахстан, Хятад зэрэг улсууд экспортлохоор бэлтгэж байна. Ирэх сарын эхээр Хөх хотод болох экспод оролцож, хамтарч ажиллах шийдлүүдийг гадны түншүүдтэйгээ ярих гэж байна. Ганцхан өөхөн дээр л ийм боломж байна. Гэтэл малаас маш олон дайвар бүтээгдэхүүн гарч байгаа шүү дээ.
Манай улс дунджаар 15 сая толгой малыг жил бүр идшиндээ хэрэглэж байна. Ингээд тооцохоор малаас гарч байгаа өөхийг ашиглах боломж хязгааргүй л дээ. Нэг хониноос хагас килограмм өөх гарлаа гэж бодоход л хэр их хэмжээний өөхийг цуглуулах боломжтой нь ойлгомжтой. Манайх гэхэд л өдөрт 15-20 тонн өөхийг боловсруулах хүчин чадалтай.
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД Л ХӨГЖЛИЙН ГАРЦ БОЛНО
Монголд аж үйлдвэрийн парк барих маш чухал гэж хардаг. Ингэснээр үйлдвэрлэл хөгжих боломжууд ихээр нээгдэнэ. Санаагаар болдог бол баруун бүсэд нэг, зүүн бүсэд нэг гэх мэтчилэн аж үйлдвэрийн паркууд баримаар санагддаг. Ингэж чадвал зөвхөн хаягдал өөх боловсруулахаар тогтохгүй малын дайвар бүтээгдэхүүнүүдийг боловсруулах, үнэ хүргэх боломж гарч ирнэ. Өнөөдөр хонины нэхий гэхэд 3000 мянган төгрөгийн үнэтэй байна. Үнэгүйдчихээд байна шүү дээ. Өөх гэдэг малын дайвар бүтээгдэхүүний нэгхэн хэсэг. Хэрвээ үйлдвэрлэл хөгжүүлж чадвал малын дайвар бүтээгдэхүүний үнээ дагаад малын үнэ өсөөд явах боломжтой гэж харж байна. 10 жилийн өмнө үнэгүй байсан өөх өнөөдөр тонн нь 700 мянган төгрөгийн үнэтэй боллоо. Яг үүн шиг үйлдвэрүүд баривал хонины нэхий л гэхэд 50 мянган төгрөг хүрэх боломж ч байна шүү дээ.
“МАЛЫН ЧӨМГИЙГ ХҮРТЭЛ ҮНЭ ХҮРГЭХ БОЛОМЖ БИЙ”
Өвөрмонголд очихдоо би нэг юм их гайхсан юм. Гэтэл тэнд малын чөмгийг янз бүрээр нь төрөлжүүлээд ашиглаж байна. Чөмөг нь маш үнэтэй, тансаг хоолд тооцогдож байгаа юм. Зүгээр бод, бог малын чөмгийг ташаад тавьчихсан байгаа юм. Гэтэл бид Монголдоо махаа шулж аваад ясаа шууд хаяж байна шүү дээ. Хэрвээ яс боловсруулах үйлдвэрүүд олноор барьж чадвал чөмгийг нь ашиглахаас авахуулаад ясны үнэ ч өсөх боломж байгаа юм. Хятадууд гэхэд л ясны цагаан гурил гэж хийж байна шүү дээ. Тэгэхээр Монголчууд бидэнд ч ийм боломж байгаа л гэсэн үг.
МОНГОЛ ЗАЛУУС ЭХ ОРОНДОО МАШИН Ч БҮТЭЭЖ ЧАДНА
Солонгост суралцаж байхдаа барилгаас авхуулаад олон ажил хийж байлаа. Тэндээс би эмх цэгцийг олж харж байсан. Хариуцлага гэдэг жинхэнэ утгаараа хэрэгждэг. Цаг яс барина гээд л сайн чанарууд олон бий. Түүнээс бид суралцах хэрэгтэй санагддаг. Хүн ажил голдоггүй шүү дээ. Цалингаа л голдог. Үнэ өсөөд амьдралд хүндээр тусаж байна. Тэгэхээр Монголд хөдөлмөрийн үнэлэмж сайжирвал залуусыг эх оронд нь татах том хөшүүрэг болно. Төрийн албан хаагчийн цалин өнөөдөр 700 мянгаас 1 сая 400 мянган төгрөг байна. Үүнийг өсгөөд, тогтолцоог нь сайжруулаад, давхар хариуцлагыг нь үүрүүлээд ирэх юм бол Монгол залуус эх орондоо машин ч бүтээнэ дээ гэж боддог.
Монгол хүн эх орон руугаа л тэмүүлнэ шүү дээ. Өссөн ахуй минь биднийг өөрийн эрхгүй татаад байдаг. Би ч Солонгост сурчхаад, тэнд байсан боломжуудаасаа татгалзаж, эх орондоо ирснийхээ хэргийг гаргах юмсан гэж хичээж ажилладаг. Бид эх орондоо сайхан амьдрах нөөц боломж хангалттай байна шүү дээ.
Аливаа үйлдвэрлэлийг Монголд эхлүүлнэ гэдэг амаргүй. Хүний нөөцөөс авхуулаад л асуудал гарч ирнэ. Хань минь өөх боловсруулах үйлдвэрийн ажлаа эхлэхэд минь нягтлангаар сураад л миний хажууд ажиллаж эхэлж байлаа. Сайн ханийн минь нөмөр намайг өдий зэрэгтэй явахад асар их тус болсон. Болсоор ч байгаа. Мэдээж, найз нөхөд, ах дүүсийн хүч бас байна. Би найман хүүхэдтэй айлын бага нь. Солонгост сурч байхдаа ах нар дээрээ очоод л ажил хийж, ихийг мэдэж, туршлагажиж байлаа. Аав маань ч тууштай, зоригтой байхыг надад үргэлж захидаг байсан. Тэр л сургаалиар эх орондоо сайхан амьдрахын төлөө, шинэ боломжууд нээхийн төлөө, хөдөө аж ахуйн салбарын боломжуудыг ашиглаж, Монголдоо үйлдвэрлэл хөгжүүлэхийн төлөө хичээж байна. Залуус бид л эх орноо хөгжүүлнэ шүү дээ" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.