Өчигдөр Бээжингийн Зам харилцааны сургуульд суралцах 42 оюутан батламжлаа гардлаа. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоос тодрууллаа.
Өнөөдрийн байдлаар манай улсын зам тээврийн салбарт дотооддоо 3000, гадаадад 400 гаруй боловсон хүчин бэлтгэгдэж байна. БНХАУ-ын Бээжин хотын Зам Харилцааны Их Сургууль манай мэргэжлийн боловсон хүчин буюу агаарын тээвэр, төмөр зам, авто зам, авто тээвэр гэсэн үндсэн чиглэлүүдээр суралцах бололцоо олгож, 60 оюутан элсүүлэхээр байсан боловч 42 оюутан тэнцсэн. Ингээд өнөөдөр тэнцсэн оюутнууддаа суралцах батламжийг нь гардуулж байна. Оюутнуудтай гэрээ байгуулаагүй. Мэдээж амжилттай суралцах ёстой. Амжилттай суралцаад ирвэл манай харьяа төмөр замын байгууллагууд, иргэний нисэх ерөнхий газрын агаарын тээврийн байгууллагууд зэрэг салбарт ажиллах боломжтой.
Бээжингийн Зам Харилцааны Их Сургууль тэнцсэн оюутнуудыг сургалтын төлбөргүй сургана. Цаашдаа энэ үйл ажиллагаа тогтмол үргэлжилнэ. Ганц энэ сургууль биш Москвагийн Авто Замын Дээд Сургууль, Төмөр Замын Их Сургууль гээд олон сургуульд манай салбарын боловсон хүчингүүд бэлтгэгдэж байгаа. Цаашлаад Герман, Солонгос, АНУ гэх мэт улсуудад салбарынхаа боловсон хүчинг бэлтгэнэ.
Өнөөдрийн байдлаар Герман улсын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд жилдээ 50 орчим суралцагч суралцаж ажиллаж, төгсөж байна. Манай улс урьд нь 1100 гол төмөр замтай байсан бол одоо 2000 гаруй километр буюу хоёр дахин нэмэгдэж байна. Зөвхөн Орос, БНХАУ-ыг холбосон Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг чиглэлийн ганцхан төмөр замтай байсан бол одоо Сайншандаас Тавантолгой чиглэлд төмөр замтай болж байна.
Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд, мөн Зүүнбаянгаас Ханги -мандалын чиглэлд төмөр замтай болсон. Баруун босоо тэнхлэгийн, зүүн босоо тэнхлэгийн Орос БНХАУ-ыг холбосон төмөр замтай болсон. БНХАУ-тай ганцхан Эрээн-Замын-Үүд гэсэн боомтоор гарч байсан бол одоо таван төмөр замаар гарах бололцоотой болж байна. Мөн ОХУ БНХАУ-ыг холбосон ганцхан төмөр замтай байсан бол гурван төмөр замтай болох бүтээн байгуулалт эхэлж байгаа. Зөвхөн төмөр замын салбарт л энэ хэмжээгээр зам нэмэгдэж баригдахын хэрээр тэр хэмжээгээр мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай болно. Иргэний агаарын тээврийн салбарт ч мөн ялгаагүй. 35 улсын 105 чиглэлд шууд нислэг үйлдэх боломжтой болсон.
Өнгөрсөн жил долоо хоногт Солонгос улс руу 12 нислэг үйлддэг байсан бол одоо 80 нислэг үйлддэг болсон. Өдөрт 10 нислэг гэсэн үг. Тэгэхээр үүнийг дагаад агаарын тээврийн салбарт боловсон хүчин хэрэгтэй болно. Орон нутгийн нислэг хоёрхон аймагт үйлддэг байсан бол одоо есөн аймаг руу онгоц нисдэг боллоо. Ийм учраас зайлшгүй өргөжин тэлж, өсөн нэмэгдэж байгаа зам тээврийн салбарт хэрэгтэй мэргэжлийн боловсон хүчингүүдийг нэмэгдүүлэх зорилгоор л эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.
Т.Ариунзаяа