“Найман ишигний” гэх малын хулгайн хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Хэнтий аймгийн шүүхийн тамгын газрын байранд эхэллээ.
Хохирогч Н.Болдбаатар, Н.Эрэвгийлхам нар шүүх хуралдаанд оролцсонгүй. Харин шүүгдэгчид болох Ц.Т, Л.Г, Б.Д нар оролцож байна. Шүүх хурал гурван цаг гаруй үргэлжилж байгаа бөгөөд одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна.
Шүүх хурлын үеэр шүүгдэгч Б.Д, “Өдий насны намайг мөнгө угаасан, үр хүүхдүүдтэйгээ нийлж мал хулгайлсан зэргээр гүтгэж байна. Үнэхээр гомдолтой байна. Болдог бол амиа хорлочихмоор санагдаж байна. Шударга шүүх гэж байдаг юм бол үнэн зөвөөр нь шийдвэрлэж, хэргийг цагаатгаж өгөөсэй гэж хүсэж байна” гэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд, “Мал будна гэдэг бол малыг хулгайлж авна гэдэг ойлголт биш, хулгайлах гэдэг нь илүү идэвхтэй үйлдэл” гэв.
Т.АРИУНЗАЯА