“Монгол бөө түүний засал, уламжлалт анагаах ухаан" үзэсгэлэнгийн нээлтэд Кембриджийн Их Сургуульд хадгалагдаж буй Монгол болон Манжуурт хийсэн бөөгийн судалгааны ажлыг танилцууллаа.
Үзэсгэлэнгийн гол зорилго нь олон зуун жил хил залгаа оршин буй нүүдэлчдийн дунд хүчтэй оршсоор байгаа бөөгийн эмнэл засал болон анагаах ухааны уламжлалыг харьцуулан судлах, соёлын ялгаатай болон нийтлэг өвийг угсаатны зүйн үүднээс судалсан үр дүнг нийтэд толилуулах явдал юм.
Энэ талаар МУ-ын ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, “Шинжлэх ухаан гэх ойлголт олон нийтэд танигдаад 300-аад жил болж байна. Үүнээс өмнө хүн төрөлхтөн анагаах ухааны чиглэлээр яаж оршин байсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Дэлхийн олон үндэстэн ард түмэн өөрсдийн гэсэн анагаах, эдгээх, эмнэх, домнох зэрэг арга ухааныг маш олон жилийн туршид хөгжүүлж ирсэн байдаг, тэдгээр уламжлалуудын нэг бол монголчуудын бөөгийн зан үйл, бөө нарын анагаах ухааны асуудал юм. Шинжлэх ухаан бий болсноор зарим уламжлалт анагаах ухаан үл хүлээн зөвшөөрөгдөж, цаашлаад устаж үгүй болоход хүрсэн. Уламжлалт анагаах ухаан бол хүн төрөлхтний хувьд утгагүй хэрэггүй зүйл биш, ямар нэг хэмжээгээр нотлогдоод хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг ухаан юм. Цар тахлын үед уламжлалт анагаах ухаан сэргэж, тахлын эсрэг үнэтэй хувь нэмэр оруулсан жишээнүүд ч бий” гэв.
Т.Ариунзаяа