Богд хааны ордон музей нь Монголын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий түүх соёлын үл хөдлөх дурсгалт байгууламж юм. 1893-1903 оны хооронд баригдсан тус музейд XVII-XX зууны үеийн Монголын хаант төр, шашин түүх, урлаг соёлын давтагдашгүй, хосгүй үнэт дурсгалууд хадгалагддаг.
Хамгийн сүүлд 1961-1962 онд бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийсэн бөгөөд сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд жижиг хэмжээний сэргээн засварлалтын ажил хийж байжээ. Энэ удаад Бурхдын сүм, Найдан сүм, Лавиран сүмүүдийг сэргээн засварлаж байна. Одоогоор Бурхдын сүмийн шалны дэр моднуудыг тавьж, шал шахахад бэлэн болсон. Суулт өгсөн гурван баганын суурийг ухаж гаргасан. Мөн Найдан сүмийн дээврийн ваарыг хуулж, шинээр дээвэрлэж байна.
Богд Хааны ордон музейн сэргээн засварлалтыг Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын соёлын өв, уран барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварладаг, олон улсын туршлагатай мэргэжилтнүүдийг урьж авчран ажиллуулсан. Нэмээд Монголын үндэсний мэргэжилтнүүд оролцсон. Ингээд тал талын тэргүүн туршлагыг шингээж, сэргээн засварлах арга зүй, бодлогоо боловсруулан ажиллаж байна.
Сэргээн засварлалтын ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд энэ ондоо багтаан засварлалтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газраас Монголын түүх соёл, өв уламжлалд тодорхой байр суурь эзэлдэг дурсгалуудаа тогтвортой хамгаалж, сэргээн засварлан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилтыг тавин ажиллаж байна хэмээн Соёлын яамнаас мэдээлэв.