Монголын авто мастеруудын холбооны 2023 оны ээлжит зургаа дахь цуврал тэмцээн, “Архангай 100 Мастер кросс” авто машины уралдааныг Архангай аймагт анх удаагаа зохион байгууллаа. Уралдааны зам нь гурван удаа гол гатлах, өндөр дэнж өөд өгсөх, 3-4 огцом эргэлт бүхий тойрог зам байсан ба уралдаан болсон өдөр бороотой байсан нь замыг улам хүндрүүлж байв.
Уралдаанд нийт 49 тамирчин хоёр зоонд хуваагдан хурд хүч, эр зориг, өрсөлдөөнийг үзүүлж уралдан шинэ аваргатай болсон. Монголын авто мастеруудын холбооны сүүлийн хоёр жилийн уралдаанаас шинэ аварга төрөөгүй байжээ.
Энэхүү уралдаанд мастер кросс уралдааны аваргууд, шилдгүүдээс гадна шинэ залуу тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, анхыхаа уралдааны тоосыг өргөсөн байна.
Монголын авто мастеруудын холбооноос өсөх ирээдүйтэй, шинэ залуу тамирчнаар хамгийн залуу тамирчин болох 18 настай н.Батчулууныг шалгаруулсан. Харин эр зоригийн тусгай шагналыг хувийн дугаар 68, спортын мастер, аварга Ш.Гомбодоржид гардуулсан юм. Тэрээр хагархай дугайтай бүтэн тойрог тойрсныхоо дараа усанд суусан машиныг араас нь түлхэж, уралдаанд оролцуулсан юм.Монголын авто мастеруудын холбооны 2023 оны зургаа дахь цуврал, Архангай аймгийн түүхт 100 жилийн ойд зорилусан “Архангай 100 Мастер кросс” уралдааны аваргын алтан медаль, алтан цомын эзнээр хувийн дугаар 95, спортын дэд мастер Б.Бат-Энэрэл тодорч, аварга хэмээх алдрыг хүртлээ.
2 дугаар байранд хувийн дугуур 36, спортын мастер, аварга Л.Ариунболд,
3 дугаар байранд хувийн дугаар 24, Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт сумын уугуул, МУГТ Д.Болдбаатар,
4 дүгээр байранд хувийн дугаар 46, спортын мастер Г.Бат-Эрдэнэ,
5 дугаар байранд хувийн дугаар 151, Архангай аймгийн уугуул тамирчин Б.Энхбат нар орлоо.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү уралдааныг уламжлал болгоно гэж байлаа.
Авто машины уралдааны “чимэг” болгож, шинэ залуу авто мотоцикльчдын үзүүлбэрийг үзүүлсэн нь үзэгчдэд үзүүштэй, сонирхолтой үзүүлбэрүүдийн нэг байлаа.