УИХ-ын гишүүн Ч.Ундрам чуулганы хуралдааны үеэр байр сууриа илэрхийллээ.
“… Засгийн газрын 24 тусгай сан байдаг. Энэ сангуудад шалгалт хийхэд санхүүгийн тайлангийн түвшин 1 их наяд 92,6 тэрбум төгрөгийн 250 зөрчил илэрсэн байна. Энэ тайланг хараад үнэхээр харамслаа. Үйл ажиллагаа нь тодорхойгүй сангууд ч байна. Байгаль орчин, уур амьсгалын сан гэж яг юу хийдэг сан бэ? Энэ сан дээр яагаад хязгаарлалттай дүгнэлт гаргасан юм бэ? Цөлжилтийн асуудал улсын хэмжээнд гамшиг дагуулж байна. Сангийнхан хэдэн жил ажиллаад, цөлжилтийг бууруулахад юу хийсэн бэ? Хоёрдугаарт, Шинжлэх ухаан технологийн сан байна. Шалгалтаар мөн л “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлт авсан байна. Хөдөө аж ахуйг дэмжих сан бүр сөрөг дүгнэлт авсан байна. Зах зээлд борлуулагдахгүй, хадгалах хугацаа нь дууссан 0,3 тэрбум төгрөгийн бараа, материалын үлдэгдэлтэй байна. Юу авч хадгалаад, муутгаад сөрөг дүгнэлт авчихаад байгаа юм бэ? Сангийн удирдлагуудад ямар арга хэмжээ авч байна вэ? Маш олон төсөл, хөтөлбөр зогссон байна. 5 төслийг бүрэн, 9 төслийг хэсэгчлэн зогсоосноор 2 их наяд төгрөгийн зээлийг цаашид ашиглахааргүй болсон байна. Чухал төслүүд зогссон байна. Цахим эрүүл мэнд, Боловсролын чанарын шинэчлэл гэх мэт чухал төслүүдийг эхлүүлсэн мөртлөө зогсоож байна. Цаана нь салбарууд, ард иргэд хохирч байна.
Төрийн өмчийн хувьцаат компаниуд дээр ч асуудал байна. “Цемент шохой” ТӨХК гэсэн байна. Би бүр үүнийг гайхаад байгаа юм. Нэг өдөр нь Төрийн өмчийн хорооны дарга нь маш сайн ажиллаж байгаа гээд л, маргааш нь маш муу ажиллаж байгаа болоод хувирчихдаг. Тэнд бүхэл бүтэн нэг сум, сумын ард иргэд, тэдний амьдрал энэ компаниас хамаардаг шүү дээ. Гэтэл тэр компани сайн, муу ажиллаж байгаа эсэхийг төрийг төлөөлж байгаа газар нь мэдэхгүй байна. Сөрөг дүгнэлт авсан газруудад ямар хариуцлага тооцох вэ?
Энэ асуултад Үндэсний Аудитын газраас хариулахдаа “Сөрөг дүгнэлт авсан газруудын удирдлагууд, тэднийг томилдог эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай асуудлыг хүргүүлсэн” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.