АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе В.Фернандес Монгол Улсын Засгийн газартай харилцан ойлгоцлын санамж бичигт зургаадугаар сарын 27-нд гарын үсэг зурна гэж АНУ-ын Төрийн Департамент цахим хуудсаараа мэдээлжээ.
Монгол Улс, АНУ-ын хооронд байгуулах уг санамж бичиг нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал ач холбогдолтой ашигт малтмалын аюулгүй, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг хамтран хөгжүүлэх тухай юм.
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичигт дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих чадавхаа хөгжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын цаашдын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх техникийн чиглэлээр хоёр улсын хамтран ажиллах хүрээг тусгасан байна.
Стратегийн түншийн хувьд АНУ, Монгол нь хоёр улсын эдийн засгийг бэхжүүлэх, илүү тогтвортой болгох харилцан сонирхолтой билээ. Чухал ач холбогдол бүхий ашигт малтмал, газрын ховор элемент нь манай хоёр улсын эдийн засагт улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд эдгээр нөөцийг ашиглах нь хоёр орны эдийн засгийг бэхжүүлэхэд тустай гэж АНУ-ын Төрийн Департаментын мэдээнд дурджээ.
Түүнчлэн АНУ нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг арга замаар Монгол Улсад энэ салбарыг хөгжүүлэх боломжуудыг судлахад бэлэн байна. Энэхүү санамж бичигт дэлхийн уул уурхайн салбарт байгаль орчин, нийгэм, засаглалын өндөр стандартыг нэвтрүүлэхэд чиглэсэн АНУ-ын өргөн хүрээний зорилгыг тусгасан болно гэж дурдсан байна.