Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хянан шийдвэрлэх талаарх аргазүйн зөвлөмж, судалгаанаас дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Ажлын байрны дэлгийн дарамтын хохирогч нь өөрийн нэр хүнд, үнэлэмжээ алдахаас сэргийлэн гомдол гаргадаггүйгээс шалтгаалан энэ төрлийн хэрэг, зөрчил нуугдмал, далд хэлбэрээр үйлдэгддэг байна. Тухайлбал 2005 оноос өнөөг хүртэл ХЭҮК-д хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол 240 ирсэн бол ажлын байран дах бэлгийн дарамттай холбоотой сүүлийн 4 жилд 21 гомдол ирсэн байна.
Энэ төрлийн дарамтад орсон хохирогч сэтгэл зүйн болон бие махбодын хүнд дарамтад өртөж, хөдөлмөрийн бүтээмж буурах, ажлаас үндэслэлгүй халагдах, цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлд өртөх зэрэг давхар хүчирхийллийн хохирогч болдог. Тиймээс бүх шатны төрийн байгууллага нь АББД-д өртсөн албан хаагчийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.
АББД-д өртсөн хохирогч дараах сэтгэл зүйн дарамт, цохилтод өртөх нь түгээмэл байдаг. Үүнд:
- Байнгын айдас, түгшүүртэй байх;
- Өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болох;
- Сэтгэл зүйн болон зан үйлд өөрчлөлт орох;
- Стрессээс үүдэлтэй бие махбодын болон сэтгэцийн өвчтэй болох;
- Мансууруулах бодис болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зуршилтай болох;
- Ажил мэргэжлийн хувьд ахиц дэвшилгүй болох;
- Ажилгүй болох;
- Амиа хорлох оролдлого хийх зэрэг орно.
АББД-ын хохирогч нь бие махбодын болон сэтгэл зүйн хувьд хохирсон байдаг тул тэдэнд сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, хууль зүйн мэдлэг, мэдээлэл өгөх, тэднийг дахин гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хугацаанд байрлах орон байраар хангах, хамгаалах, цаашид бие даан хэвийн амьдрах нөхцөл бололцоог нь бүрдүүлэх зэрэг олон төрлийн туслалцаа, үйлчилгээг үзүүлэх сайн жишиг олон улсад улам бүр хөгжсөөр байна. АББД-ын хохирогч нь тухайн төрийн байгууллагын албан хаагч байхаас гадна тухайн байгууллагын харилцагч байгууллагын ажилтан, албан хаагч болон үйлчлүүлэгч иргэн байж болно. Хохирогч нь гомдлоо тухайн байгууллагад гаргаж шийдвэрлүүлэхээс гадна ТАЗ, ХЭҮК, Цагдаагийн байгууллага, Иргэний хэргийн шүүх болон Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй.
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн 4.1.1.-д “”Гэрч, хохирогч” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрч, хохирогчийг ойлгоно.” гэж заасан тул гэрч хохирогчийн хамгаалалт авах эрх зөвхөн эрүүгийн хэргийн хохирогчид үүснэ.
Гэрч, хохирогчийн хүсэлт, эсхүл өмгөөлөгч, мөрдөгч, прокурор, шүүгчийн бичгээр гаргасан саналын дагуу амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй хангалттай үндэслэл байгаа, эсхүл хохирол учирсан бол цагдаагийн байгууллага гэрч, хохирогчийг хамгаалалтад авна.
Тиймээс ажил олгогчийг төлөөлж буй бүх удирдлага, ажилтан, алба хаагч нь хүний эрх, жендэрийн асуудлаар мэдрэмжтэй байхын зэрэгцээ хохирогч хамгааллын үүргийг давхар гүйцэтгэх шаардлагатай юм.
АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ
Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалсан баримт бичигт бэлгийн дарамттай тэмцэх зүйл заалтыг тусгах Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд зааснаар ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх үүргийг хүлээдэг.
Энэ хүрээнд төрийн байгууллага нь Хөдөлмөрийн дотоод журамд энэ зөвлөмжийн 4 дүгээр бүлэгт заасан жишиг загварын дагуу холбогдох хэм хэмжээг тусган баталж, ажиллаж буй болон шинээр ажилд орж буй бүх ажилтан, албан хаагчид танилцуулж, гарын үсэг зуруулна.
Хэрэв ажил олгогч нь Хөдөлмөрийн дотоод журамд АББД-аас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.26-д зааснаар хуулийн этгээдэд 1 500 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар хуульчилсан байна.