“Ногоон санхүүжилт-Олон улсын форум” өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний оршин тогтнохуйн аюулгүй байдалд хүчтэй нөлөөлж, эрдэмтэн, судлаачид, дэлхийн удирдагчид, олон улсын хамтын нийгэмлэгүүд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, улс орон бүр өөрсдийн зорилт, хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхээр хичээн ажиллаж байгаа хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл эрчимжсэн хэвээр байна.
Аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хойш буюу сүүлийн 170 гаруй жилд дэлхийн гадаргуугийн дундаж температур 1.09 хувиар нэмэгдэж, дэлхийн хэмжээнд биологийн олон янз байдлын хомсдол зэрэг бусад сөрөг нөлөөллүүд нэмэгдсээр байгааг олон тооны судалгааны үр дүн Та бидэнд харуулсаар байна.
Зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд европ тив дэх цаг агаарын дулаарал, хойд америк тив дэх гал түймэр, африк тив дэх ган гачиг, ази тив дэх үер усны гамшиг гээд дэлхийн 5 тивд байгалийн гамшиг тохиолоо.
Түүнчлэн өнгөрсөн 5 дугаар сард дэлхийн цаг уурын байгууллагаас дэлхийн агаарын дундаж температур ирэх 5 жилд өмнө байгаагүй хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байгааг зарлалаа.
Үүнтэй зэрэгцээд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал ч амаргүй хэвээр байна.
ОУВС-ийн сүүлийн судалгаанаас үзэхэд дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.4 хувь байсан бол энэ онд 2.8 хувь болж буурахаар байна. Ялангуяа, европын эдийн засгийн идэвхжил ихээхэн саарахаар байна.
Эрчим хүчний үнэ сүүлийн үед харьцангуй буурч байгаа хэдий ч эрчим хүчний аюулгүй байдлын асуудал ихээхэн анхаарал татаж байна. Энэ нь ногоон хөгжил, ногоон шилжилтийг эрчимжүүлэх асуудал урьд өмнөхөөс илүү чухал болж байгааг харуулж байна.
Тиймээс дэлхий нийтийг хамарсан нийгэм, эдийн засаг, геополитикийн олон сорилт, бэрхшээлүүд учирч байгаа ч гэсэн байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах хүчин чармайлтаа Та бид улам эрчимжүүлэх ёстой.
Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн илүү өндөр зорилт дэвшүүлж, илүү үр дүнтэй бодлого хэрэгжүүлж, илүү их санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага тулгарч байна.
Тийм учраас Та бид өнөөдөр энэ чуулганаар ногоон санхүүжилтийн асуудлыг түлхүү ярилцах болно.
Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч энэхүү хүчин чармайлт, бодлого үйл ажиллагаагаа хэрхэн санхүүжүүлэх талаар олон асуудлууд шийдлээ хүлээсэн хэвээр байна.
Уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулаад зогсохгүй дасан зохицох чадварыг нэмэгдүүлж, дэлхийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг илүү тогтвортой, илүү хүртээмжтэй болгоход онцгой үүрэгтэй юм.
Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хэмжээнд жил бүр дунджаар 650 тэрбум ам.доллар зарцуулж байгаа талаар ОУВС-ийн тайланд онцолжээ.
Тэгвэл Парисын хэлэлцээр болон НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг бүрэн ханган хэрэгжүүлэхийн тулд жил бүр их наядаар тоологдох хөрөнгө санхүүжилт шаардлагатай байгаа билээ.
Тухайлбал, 2019 онд 500 тэрбум ам.доллар байсан дэлхийн уур амьсгалын санхүүжилтийг 2030 онд 2.4 их наяд ам.доллар болгон бараг 5 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Лондоны эдийн засгийн сургуулийн сүүлийн судалгаа харуулсан байна.
Санхүүжилтийг нэмэгдүүлэхдээ эрчим хүчний шилжилт хийх, иргэдийн амьжиргаа, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх, экосистемийг хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэх улс орнуудын дэд бүтэц, чадавх, мэдлэг чадварыг дээшлүүлэхэд түлхүү чиглүүлэх шаардлагатай байна.
Ийнхүү хүн төрөлхтний өмнө тулгараад буй энэхүү сорилт, бэрхшээлийг улс орнууд дангаараа даван туулах боломжгүй бөгөөд гагцхүү нэгдмэл зорилго, нэгдсэн бодлого, хамтын хүчин чармайлтын үр дүнд амжилтад хүрнэ.
Түүнчлэн Монгол Улс тогтвортой санхүүжилтийн зарчим, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан ногоон санхүүжилтийн төрөлжсөн санхүүгийн байгууллага бий болгохоор ажиллаж байна.
Мөн манай арилжааны банкнууд олон улсын зах зээл дээр анхны ногоон бондыг амжилттай гаргасан төдийгүй энэхүү чуулганы өмнөхөн дотоодын хөрөнгийн зах зээл дээр гарах анхны ногоон бондыг санхүүгийн зохицуулах хорооноос бүртгэж аваад байгааг хэлэхэд таатай байна.
Цаашид Монгол Улс ногоон хөгжлийн цогц бодлогоо бүрэн тодорхойлж, эрх зүйн орчноо сайжруулан, оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангаж, ногоон бизнесийн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Мөн нүүрстөрөгчийн зах зээлд идэвхтэй оролцон, нүүрстөрөгчийн татвар, ногоон санхүүжилтийн орчныг тодорхой болгож, санхүүжилтийн шинэлэг арга хэрэгслүүдийг оновчтой нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд санал санаачилгатай ажиллах нь зүйтэй юм.Дээрх бодлого зорилтуудыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, тэдний оролцоо дэмжлэгтэйгээр тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр улам эрчимтэй ажиллах болно. Хүн төрөлхтний аюулгүй амьдралын төлөө хамтдаа зүтгэцгээе!” хэмээв.