Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ХБНГУ-ын Берлиний цэргийн тойргийн командлагч, бригадын генерал Юрген Ухтманн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “ХБНГУ нь Европ дахь Монгол Улсын чухал түнш, гуравдагч хөрш бөгөөд манай хоёр улс нь дипломат харилцаа тогтоосноос хойш талуудын бүх түвшний харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, өдгөө иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа. Батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт байдаг. Тиймдээ ч манай улс орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах тогтолцоог хэрэгжүүлээд явж буй. Цаашид орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлэхэд Берлин хоттой хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээсэн юм.
ХБНГУ-ын Берлиний цэргийн тойргийн командлагч, бригадын генерал Юрген Ухтманн “Бидний энэ удаагийн Монгол Улсад ажиллаж байгаагийн гол зорилго нь танай улсын орон нутгийн хамгаалалтын зарчим, үйл ажиллагаатай танилцаж, туршлагаас судлах юм. Энэ хугацаанд Улаанбаатар хотын цэргийн хүчний байгууллагууд нь энгийн байгууллагуудтайгаа маш нягт хамтран ажиллаж байгаа нь сонирхол татлаа” гэв.
Ирэх жил Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Улаанбаатар хот нь ХБНГУ-ын нийслэл Берлин хоттой 1977 оноос хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй.