“Гүйх тэгээд юу нь гоё вэ”, “Хар усан борооноор ядаргаа байгаадаа”. Жилийн өмнө “Улаанбаатар марафон”-д оролцохоор өглөө эртлэн Сүхбаатарын талбай руу гарсан найзаасаа ингэж асууж байлаа. Тэр өдөржин л бороо орсон, тэгсэн ч цув өмсчихсөн хүмүүс гүйгээд л, тэднийг би цахимаас харж суухдаа “Норон, норон юунд ингэж өөрсдийгөө зовоодог байна” гэж бодож байв. Энэ жил “Улаанбаатар марафон”-ыг найм дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаад хүмүүс юуны төлөө гүйдгийг дэргэдээс нь мэдрэхээр талбай орлоо.
10:00 цаг болоход автомашингүй гудамж дүүрэн, асгасан шагай шиг олон хүн гараанаас гарахад бэлэн болжээ. Марафоныг үндсэн таван төрлөөр зохиодог юм байна. Хамгийн богино зай нь 1500 метр. Энэ зайд гэр бүлээрээ болон, тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд ихэвчлэн оролцдог бол 5000 метрт 12-17 насныхан болон 18, түүнээс дээш насны иргэд гүйх нь элбэг. Эдгээрээс гадна эрүүл мэндийн гүйлт 10, хагас марафон 21, бүтэн марафон 42 километрийн зайтай. Эхлээд 5, 10, 21 километрийн зайны марафончид замд гарч, залгуулан хамгийн хол буюу 42 километрийн зайд гүйх хүмүүс гараанаас гарлаа. Нийт 30 орны 20 мянган тамирчин энд гүйж байна.
Өмнө нь хүмүүс гүйгээд л, бариандаа орж ирээд л ерөнхийдөө арга хэмжээ дуусчихдаг байжээ. Харин энэ жил өдөрлөг болж өргөжсөнөөрөө онцлог. Талбай дүүрэн хүн цугларчээ. Талбайн төв хэсэгт дуу хөгжим цангинаж, өмнөх ногоон зүлэгт хүмүүс суугаад тоглож, хөгжилдөж, марафоныхоо тактикыг ярилцах зэргээр дур, дурынхаа л зүйлсийг хийж байна. Хүүхдүүд циркийн үзүүлбэрт алга ташиж, гайхаш тасарна. Таеквондо, туялзуур сэлэмний үзүүлбэр ч үзэгч дүүрэнтэй байлаа. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө бүтэн өдрийг зөв боловсон, зугаатай өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлж урлагийн тоглолт, худалдаа үйлчилгээ, Street food area, Food and chill area зэрэг асрыг засжээ. Мөн зохион байгуулагчдын зүгээс спортын клубүүдийг урьсан байна. Тэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх таатай нөхцөл санал болгож байв. Шатрын их мастертай нүүхийг хүсдэг хүн байвал Сүхбаатарын талбайд ирээд тэдэнтэй ухаан сорьж болохоор. Урлагийн тоглолттой, унд зоогтой, уралдаан тэмцээнтэй, юм бүхэнтэй өдөрлөг боллоо.
Марафоны гүйгчид эхнээсээ барианд орж ирлээ. Түрүүлсэн тамирчин уухайлах олныг үл анзаарсан, тайван тогтуун харагдана. Зөвхөн ялагч төдийгүй ар, арын тамирчид ийм байдалтай орж ирэв. Учир нь бариандаа орж ирсэн бүхэн ялагч болдог цор ганц спорт бол марафон юм байна. Тэд хэн нэгнийг биш өөрийгөө ялах гэж “Улаанбаатар марафон”-ыг зорин ирж оролцдог. Өөртэйгөө нүүр тулж, хэр зэрэг тэсвэр тэвчээртэй, амьдралд аливаа зовлон тохиолдоход шантраад сөхрөх үү, сөрөөд урагшлах уу гэдэгт ч энэ гүйлтийн замаас хариулт олж, дотоод руугаа өнгийдөг гэнэ. Хэн нь ч хожлоо гэж онгирч, хожигдлоо гэж шатсангүй. Харин бодол хүрсэн газарт хөл хүрдгийг өөрөөрөө баталж чадсан хүмүүс бие биедээ баяр хүргэж байна.
“Улаанбаатар марафон”-ыг зохион байгуулдаг зорилго нь, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн өдөр тутам биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих. Оролцогчдын зорилго ч энэ.
Арван километрийн зайг амжилттай туулж барианд орсон марафонч Б.Бавуудорж “Монголд марафон болдгийг 2017 оны үеэс л мэдсэн. Тэгээд марафонд оролцож байгаа хүмүүсийг хараад хажуугаар нь алхаж байхдаа оролцож үзэх юм сан гэж боддог байлаа. Гэхдээ яг орох гэхээр зориг хүрэхгүй. Ингээд 4-5 жилийн өмнөөс цэцэрлэгт хүрээлэнд гүйж эхэлсэн. Өдөр, өдрөөр ахиад л байлаа. Нэг километрээс эхэлсэн бол сарын дараа таван километр гүйдэг болчихсон байсан. Ингээд л марафонд оролцохоор бэлдэж эхэлсэн. 2020 оны Улаанбаатар марафонд оролцох гээд чадаагүй юм. Үүний дараагийн хоёр жил коронавирусээс болж, марафон зохиогдоогүй. Ингээд өмнө жил анх удаа оролцоод, таван км гүйсэн. Энэ жил 10 км гүйлээ. Ирэх жил 21 км-т гүйх бодол байна. Энэ жилийн марафоны зохион байгуулалт өмнө жилийнхээс илүү санагдлаа. Оролцогч бүрд чиптэй бугуйвч өгсөн. Үүгээр гүйлтийн мэдээллээ авах боломжтой юм билээ.
Гүйж эхлэхээсээ өмнө би заал авч сагс тоглохоос хэтрэхгүй, ямар нэг спортоор тууштай хичээллэдэггүй байсан. Одоо ч бас тууштай хичээллээд, хичээгээд байгаа зүйлгүй ч, гүйх бол эрүүл хүний хийх ёстой зүйлийн л нэг гэж боддог. Булчин өөрөө санах ойтой. Байнга давтаад байхаар рефлекс тогтчихдог. Тиймээс би гүйж байх хугацаандаа хэрхэн гүйх тухай биш харин бясалгал маягаар юм болдог.
Гүйх сонирхолтой хүмүүс байвал гол нь шантарч болохгүй. Хурдан, удаан гүйх нь огт хамаагүй гол нь тууштай байх хэрэгтэй. Хамгийн гол нь өчигдрийн өнөөдрөөсөө л ахих хэрэгтэй. Марафончид хэн нэгэнтэй биш өөрөө өөртэйгөө уралддаг. Би сая хэнтэй ч уралдсангүй, бариандаа орно л гэж өөрөө өөртэйгөө, цаг хугацаатай уралдлаа. Ер нь бариандаа орох нь чухал, тиймээс би хүчээ их нөөж, нэг хурдаар гүйхийг хичээдэг” гэж ярилаа.
“Улаанбаатар марафон-2023” бүтэн өдрийн үйл ажиллагааг “Хай пэймэнт солюшнс” ХХК бүрэн хариуцаж байгаа аж. Тус компанийн Ерөнхий захирал Б.Эрдэнэ “Манай компани Улаанбаатар марафонд хоёр дахь удаагаа хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. Лондон, Токио, Берлин гээд дэлхийн том том хотууд өөрийн нэрийн марафоныг зохиодог. Улаанбаатар марафон олныг хамарсан хамгийн гоё арга хэмжээнүүдийн нэг учраас бид хамтран зохион байгуулагчаар ажилладаг. Энэ жил НЗДТГ-тай ярилцаад брэндингийг шинэчилж, шинэ хэв маягтай, илүү өргөн хүрээний өдөрлөг зохион байгуулахаар болсон. Нийт 57 спортын клуб, эрүүл мэндийн чиглэлийн 20, хоол үйлдвэрлэлийн 20 гаруй, нийт 120-иод аж ахуйн нэгж өнөөдрийн арга хэмжээнд оролцож байна. Энэ жил маш олон иргэд, ААН-үүд хамт олноороо гүйхээр бүртгүүлсэн. Тухайлбал, банк санхүү, олон улсын байгууллага, Элчин сайдын яамд, уул уурхайн байгууллагын ажилтнууд энэ санаачилгыг түүчээллээ. Манайх санхүүгийн үйлчилгээг технологийн тусламжтайгаар иргэдэд хүргэх зорилготой финтек компани. Иргэд төлбөр тооцоо бусад санхүүгийн үйлчилгээг гар утасны апликейшнаар дамжуулан хамгийн хялбараар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна” гэв.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зохион байгуулалт эрс сайжирсан, хувийн хэвшлийн залуучууд маш сайн ажиллаж байгаа гэдгийг онцлов.
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт хамгийн анх 2014 онд болсон. Тус онд 16 мянган иргэн оролцож байсан бол 2015 онд 18, 2016 онд 25, 2017, 2018 онд 30 мянгад хүрчээ. Харин 2019 оноос нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид оролцох болсон байна.
Улаанбаатарын алслагдсан дүүрэг Налайхаас өглөө эртлэн ирж марафонд оролцож байгаа Г.Баасанжав 70 настай. Тэрээр өнөөдөр 05:00 цагт гэрээсээ гарч, автомашинаа замдаа орхиод алхаад ирсэн байна. “Би анх удаа таван километрт гүйлээ. Нэг их ядарсангүй. Би гүйх их сонирхолтой. Гэхдээ тэр болгон гүйх зав гарахгүй, үргэлж ажилтай. Энэ жил зорин зорин зав гаргаж, дүүрэг дээрээ очиж бүртгүүлээд, марафонд оролцож байна. Биеийн тамир, нийтийн спортыг дэмжих хэрэгтэй шүү дээ. Бид залууст үлгэр, дуурайл болох ёстой” гэлээ.
Харин 19 настай, МУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан Э.Тэргэл “Хан-Уул дүүргийн скаутын холбооны 30 гаруй залуус бид хамтдаа ирж таван километрт гүйлээ. Скаутууд хөдөө майхантай аялалд их явдаг, таван километр газарт намгаар алхах ч сорил байдаг. Тиймээс бэлтгэлтэй, туршлагатай байлаа. Харин шинэ скаутуудад маань энэ марафон шинэ сорил болж байна. Миний хувьд марафонд хоёр дахь удаагаа оролцож байгаа. Гүйгээд барианд орж ирээд эрүүл байх, өвчин хуучгүй байхын сайхныг мэдрэх гоё. Гол нь түрүүлэх биш нэг өдөр найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх сайхан. Хүмүүст эрүүл, зөв амьдраарай. Зун цаг болж байна, спортоор хичээллээрэй, дугуй унаарай гэж уриалмаар байна” гэсэн.
Энэ жилийн нэг онцлог нь 21, 42 километрийн буюу хагас болон бүтэн марафонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангиллыг нэмж оруулжээ. Энэ ангиллын 21 километрийн зайд эхнэр нь харааны бэрхшээлтэй нөхрөө хөтөлж гүйсээр барианд хамтдаа орж ирсэн. Мөн 13:00 цагт МУИС-ийн өмнөх талбайгаас Сүхбаатарын талбай хүртэл 1.5 километрийн зайд хараагүй, тэргэнцэртэй иргэд уралдахаар гараанаас гарлаа. Энэ 1.5 километрийн зайг бусдын тусламжгүйгээр туулаад барианд орж чадвал дараа өдрүүдэд ч энэ нийгмийн эд эс болж ажиллаж, амьдарч чадах итгэл болно. Хүний эрч хүч дундаршгүй билээ.
Чамайг хэн ч гүй гэж албадаагүй, чи өөрөө л чадна гээд гүйж байгаа. Чиний өмнөөс хэн ч гүйж өгөхгүй, чиний шантраад замаасаа гарах, зүтгэсээр бариандаа очих эсэх бусдад огт хамаагүй. Чи эхлүүлсэн бол чи л дуусгах ёстой. Тиймээс марафон бол философи юм байна. Марафоны замд хүн бүр өөртэйгөө нүүр тулж, өөрийгөө олдог, сонсдог, аливааг өөрөөр харах, тууштай байхад суралцдаг юм байна.
Бусад өдрүүдэд хүн ажилдаа, хичээлдээ хоцрохгүй очих, үр хүүхэд, гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө гээд үргэлж өөрөөсөө бусад зүйлийг бодож, санаа зовж явдаг. Харин марафоны замд л зөвхөн өөрөө өөрийнхөө тухай бодох, өөртэйгөө ярилцах цаг гаргаж чаддаг юм байна. Өөртөө цаг гаргаж өнөөдөрт төвлөрсөн танд баярлалаа.