Боловсролын зээлийн сангийн зээлийг мэдээлэлд ойр байдаг хүмүүс л авдаг гэх асуудал энэ 7 хоногт нийгмийн анхаарлын төвд хэвээр байлаа. Боловсролын зээлийн сангаас дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах оюутанд олгох мөнгө бол тэтгэлэг, биш зээл. Гэтэл ялангуяа, эрх мэдэлтэй хүмүүс, тэдгээрийн хүүхдүүд гэрээний үүргээ зөрчиж, зээлээ эргүүлэн төлөхгүй байгаа нь асуудлын гол шалтгаан болж байгаа юм.
Боловсролын зээлийн сангийн зээлийг дэлхийн шилдэг их сургуульд, тэргүүлэх чиглэлээр сурсан оюутанд олгодог. Сургуулиа төгсөж ирээд, эх орондоо таван жил ажилла. Ингэж ажиллавал зээлээ төлсөнд тооцно гэдэг журам анхандаа мөрддөгддөг байсан. Өөрөөр хэлбэл, гадаад улсад очиж эрдэм мэдлэгтэй болж ирээд, түүнийгээ улсынхаа хөгжилд зориул гээд төр иргэдээ бэлтгэж, сургаж авч байгаа бодлого юм. Гэтэл үүн дээр алдаа, завхрал гарлаа. Дарга нар 32 мянган долларын зээлийг хүүхдүүддээ тэгшитгэж авч өгсөн үү?
1. Нэгдүгээрт, боловсролын зээлийн сангаас энгийн иргэд зээл хүсээд өгдөггүй. Ихэнхдээ мэдээлэлд ойр байдаг, улстөрчдийн хүүхдүүд хамрагддаг. Арын хаалгатай гэдэг асуудлыг олон нийт хөндөж байна. БШУ-ны сайд Л.Гантөмөр өөрөө сайдаар ажиллаж байхдаа хүртэл өөрийнхөө охинд зээл олгосон явдал нь байж боломгүй жигшүүрт явдал гэж олон нийт хариуцлага нэхэж байна. Цаашилбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн,Т.Доржханд нарын хүүхдүүд зээлээ шударгаар авсан уу гэдэг ч олон нийтийн бухимдах шалтгаан боллоо.
2. Боловсролын зээлийн сангийн журамд тэргүүлэх мэргэжлээр сурсан хүмүүст зээл олгоно гэж заасан. Гэтэл үе үеийн сайдууд тэргүүлэх бус мэргэжлээр сурсан суралцагчид зээл олгож, журмаа зөрчиж ирсэн байна. Журмаа яагаад зөрчсөн бэ гэдэгтээ ч сайдаар ажиллаж байсан хүмүүс тодорхой няцаалт тайлбар өгч чадахгүй байна.
3. Гуравдугаарт, Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадад сурсан хүмүүс зээлээ эргүүлэн төлөх ёстой юу, үгүй юу гэдэг асуудал юм. Гадаад улсад зээлээр сурч ирээд 5 ажиллавал зээлийг нь төлсөнд тооцно гэдэг журам одоогоос 11 жилийн өмнө буюу 2012 онд хүчингүй болчихсон. Гэтэл үүнээс хойш аль ч сайд журмаа шинэчлээгүй хэрнээ, хуучин хүчингүй журмаа мөрдөж, бусдын зээлийг тэглэж ирсэн байна.
Асуудал нэгэнт өндрөө авч, олон нийтэд хүрсэн. Хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. Харин одоо цаашдаа боловсролын зээлийн зээлийг ямар шалгуураар олгох, ямар тохиолдолд зээлээс чөлөөлөх вэ гэх мэт асуудлуудаа тодорхой болгох шаардлага үүсээд байгаа юм. Шалгаруулалтыг нь ил тодоор, шударга явуул, нээлттэй болго гэж олон нийт шаардаж байна.
Ц.ӨЛЗИЙТОГТОХ: ШҮЛХИЙН ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭХ НЭРЭЭР ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САНГИЙН МӨНГИЙГ ҮРГҮЙ УРСГАСАН
Зөвхөн боловсролын зээлийн сангаар зогсохгүй, бусад сангууд ч “но” бий гэдэг нь ил болж байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт хэрэгждэг инновацийн төсөл хөтөлбөрүүд алдаа зөрчилтэй явж ирснийг Монгол улсын гавьяат малын эмч Ц.Өлзийтогтох ярилаа. Тэрээр “Шүлхийн вакцин үйлдвэрлэх нэрээр Шинжлэх ухаан, технологийн сангаас 200 сая төгрөг, олон улсын байгууллагаас хэдэн зуун саяар хэмжигдэх мөнгө авсан ч өнөөдөр нэг ч шүлхийн вакцин алга. Анхнаасаа шалгаруулалтыг нь шударга бусаар явуулж, мэргэжлийн бус хүмүүс вакцин хийх эрх өгсөн. Би Монголын вакцин үйлдвэрлэлийг 20 жил мэргэжлийн удирдлагаар хангаж яваа хүн. Өөрөө баг ахалж оръё гэсэн санал тавьж байсан дэмжээгүй. Эрх мэдэлтэй хүмүүс Шинжлэх ухаан, технологийн санг мөнгө угаах хэрэгсэл болгоод хувиргачихсан байна. Мөн шаардлагагүй малд вакцин тарж, Монголчуудыг хүнсээр нь хордуулж, мөнгө угааж байна” гэлээ. Түүнийг “Сөрөг хүчин” тойм энэ удаагийн дугаартаа онцоллоо.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.