Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржийн аав Ц.Гантөмөр Засгийн Газрын санг буяны байгууллага гэж бодсон уу гэлтэй ХААДС-гаас авсан зээлээ төлөхөө мартаад таван жил өнгөрчээ.
Тодруулбал Ц.Гантөмөр нь Топ Ургац ХХК-иараа дамжуулан нийт 309 сая төгрөгийг ХААДС-гаас зээлсэн боловч зээлээ хугацаандаа төлөөгүй, муу зээлдэгчийн ангилалд орсон байна.
Зээлийг авахдаа,
- 2018 онд 45 сая төгрөг
- 2019 онд 41 сая төгрөг
- 2022 онд 222 сая төгрөгийн өрөө төлж дуусгах ёстой байж.
Тэрээр өнгөрсөн онд өөрийн компаниараа дамжуулан 3 тэрбум 984 сая төгрөгийг залилан мэхэлж хувьдаа зарцуулсан байж болзошгүй хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай иргэн Ш.Алтангэрэл нь Ц.Гантөмөрийн "Оргил саран" ХХК-ийн хэрэгжүүлж буй барилгын ажилд бартер болон бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн боловч Ц.Гантөмөр нь оруулсан хөрөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдсон.
Харин эл асуудалтай холбогдуулан залилуулсан гэх иргэн түүний хүү Г.Түвдэндоржид хариуцлага тооцуулахаар БОАЖЯ-нд хандахад "Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж нь төрийн албаны тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн, аливаа хууль бус үйл ажиллагаанд оролцсон, гэм буруутай болох нь эрх бүхий байгууллагаар тогтоогдоогүй тул түүнд хариуцлага тооцох үндэслэл байхгүй" хэмээн үзжээ. Тухайн үед Ц.Гантөмөр өөрөө Монголд байгаагүй гэх эх сурвалжийн мэдээллүүд ч байгаа юм.
Ямартай ч санг буяны байгууллага гэж эндүүрдэг улс төрчид, тэдний ойр тойрны хүмүүс зээлээ төлөхгүй байсаар ХААДС-гийн төлөгдөөгүй зээлийн дүн л гэхэд 170 тэрбум болчхоод байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлт нь ердөө долоон хувьтай байгаа талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлж байв.
Сан нэрээр иргэдийн халаасыг ухаж, эрх мэдэл, албан тушаалд ойр нэгэн нь ард түмний боломжийг хулгайлан, дэвсэлж орхидог үзэгдэл манай нийгэмд гаарсаар байгаа талаар Өрөг.мн сайт мэдээ, нэвтрүүлгүүдийг бэлдсээр байгаа. Ингэж хэлж буйн учир нь, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа нийт 25 сангийн, ердөө гурав нь зорилгынхоо дагуу үүргээ гүйцэтгэсэн гэх аудитын судалгаа гарчээ. Зорилтот бүлэг, иргэн, ААН-дээ хүрч үйлчилж чаддаггүй, "мөнгөний гахай" болсон эдгээр олон сангууд зорилго, үүргийнхээ хүрээнд ажиллаж чадахгүй бол татан буугдах ёстой гэж олон нийт үзэж, зээлдэгчдийг зээлээ төлөхийг шаардаж байна.