УИХ-ын гишүүн, Боловсролын ерөнхий хуулийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.
-Боловсролын багц хуулийн хувьд олон жилийн дараа том хэмжээнд өөрчлөх гэж байна. Боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх гэж багагүй хугацаа зарлаа. Ер нь зарчмын ямар өөрчлөлтүүд орж байна вэ?
-Энэ бол маш том хууль. Засгийн газраас анх өргөн барьсан төслөө дунд нь татаж аваад буцааж хоёр дахиа өргөн барьсан юм. Өргөн баригдахдаа тус тусдаа долоон хуулийн төсөл орж ирсэн юм. Долоон хуулийг ажлын хэсэг ажиллаж нэгтгээд тав болголоо. Мэргэжлийн боловсролын хуулийн төсөл Засгийн газраас сүүлд хүлээгдэж байж нэмэгдэж орж ирлээ. Хоёр жилийн хугацаанд улс орон даяар төрөл бүрийн хэлбэрээр дөч гаруй удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж давхардсан тоогоор 10 мянга гаруй санал авсан. Төслийн зарчмын зөрүүтэй санал гэхэд л 90 гаруйгаар тоологдож байна. Боловсролын салбарынхны маань ярьж буйгаар Үндсэн хуулийн дараа орох чухал хууль болчихоод байна л даа. Тийм учраас удаан хугацаанд сайн нухахаас өөр аргагүй. Оролцогч бүх талын саналыг авсан. Боловсролын хуульд зарчмын хэд хэдэн өөрчлөлт туссан. Монголын боловсрол дэлхийн хаахна явааг олон улсын хэмжүүрээр үнэлдэг болно. Хүмүүс ярьдаг л даа, Монголын боловсрол сайн, муу гээд. Яг сайн, муу эсэхийг хэн яаж хэмжив, хэнтэй харьцуулав гээд харахаар тодорхой барьц, тоймтой тайлбар байдаггүй. Зарим хүн тэр сургуулийн математикийн сургалт сайн гэх мэтээр ярьдаг. Гэхдээ гадаад улсуудтай харьцуулж үнэлсэн хэмжүүр алга. Тухайн улсын боловсролын чанарыг үнэлдэг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) аргачлал бий. Энэ аргачлалаар Монголын боловсролыг үнэлж үзье, нэгдүгээрт менежментийнх нь хувьд үнэлье, хоёрдугаарт хүүхдүүдийн мэдлэг чадварыг, багш нарын чадвар гээд бүх талаар нь үнэлж дэлхийн хаана яваагаа харъя гэж төлөвлөөд тодорхой зохицуулалтуудыг хуульд тусгалаа. Мөн дан ганц мэдлэг гэхээсээ илүүтэй хүний хүмүүжил, төлөвшилд анхаарсан, эцэг эхчүүдийн оролцоо, үүргийг тодорхой болгосон зохицуулалтууд орсон байгаа. Боловсролын ерөнхий хуулийг дагаад хүүхэд залуусын хүмүүжлийг анхаарсан тусгай хууль орж ирж байгаа.
-Боловсролын салбарынхаа үнэлгээг дэлхийн хэмжээнд хийхийг хуульчлахаар болсон гэсэн үг үү?
-Яг тийм. Хөндлөнгийн үнэлгээний системийг гурван жил тутам хийнэ гэж тусгалаа. Хоёрдугаарт, онцлох зарчмын өөрчлөлт бол санхүүжилтийн реформ. Өмнө нь байгууллагыг санхүүжүүлдэг байсан бол одоо хүүхдээ санхүүжүүлнэ. Хүүхдээ санхүүжүүлэх гэдэгт олон юм орж байгаа. Хүүхэд бүрийн хэрэгцээ өөр. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээ өөр байх нь ойлгомжтой. Алслагдмал аймаг орон нутагт амьдарч байгаа хүүхдийн хэрэгцээ ч ондоо. Гоц авьяастай хүүхдийн хэрэгцээ ялгаатай. Сурч буй чиглэл, төрөлжилтөөсөө хамаараад хэрэгцээ өөр байх нь бий. Хэрэгцээнд нь таарсан хувьсах зардал олгодог зохицуулалтыг тусгаж өгч байгаа. Алслагдсан аймгийн хүүхдэд өгөх хувьсах зардал нь илүү болчихоор тухайн сургуульд ажиллаж буй багш нарт илүү цалин өгдөг болно гэсэн үг. Хөдөө орон нутагт багш нар хомсодсон ийм үед цагаа олсон шийдэл гэж харж байна. Боловсрол олж авах тэгш боломжийг бий болгохыг зорьж байна.
-Боловсролын тэгш хүртээмжид түлхүү анхаарч байна гэж ойлголоо. Шуудхан хэлэхэд зөвхөн Улаанбаатарт зориулсан хууль батлах гээд байдаг тал салбар бүрд анзаарагддаг шүү?
– Таны хэлсэнчлэн боловсролын тэгш хүртээмжид анхаарсан зохицуулалтууд л даа. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгүүдийг хагас бие даасан санхүүгийн тогтолцоо руу шилжүүлнэ. Хуульд тусч буй зарчмын гурав дахь өөрчлөлт бол багш нарыг дэмжих бодлогод онцгой анхаарч байна. Боловсролыг өөд нь татъя гэвэл ажиллаж байгаа боловсон хүчинд анхаарах учиртай. Хөгжилтэй улсуудыг харахад хамгийн нэр хүндтэй мэргэжлийн нэгд багш багтдаг. Яагаад тийм байна гээд харахаар багш нар нь хамгийн өндөр нийгмийн баталгаатай байдаг. Тийм учраас хамгийн өндөр үнэлгээтэй хүүхдүүд багш болохоор өрсөлддөг. Гэтэл өнөөдөр хамгийн бага оноотой хүүхэд багшийн сургуульд орж буй нь гунигтай ч бодит үнэн. Ийм үед хөгжил дэвшил, улс орны ирээдүй гэж ярилтгүй болно. Тэр утгаараа багшийн нийгмийн баталгааг маш хүчтэйгээр дэмжих зохицуулалтуудыг төсөлд тусгалаа.
-Жишээ нь яаж дэмжих вэ?
– Миний сонгогдсон Дархан-Уул аймаг харьцангуй хот суурин газар. Манайд Орхон сум гэж бий. Аймгаасаа холгүй энэ суманд гэхэд л багш олдохгүй байна. Залуу багш нар ажиллая гээд очихоор орон байргүй гэсэн асуудалтай нүүр тулдаг. Тийм учраас залуу багш нар хэсэг зуур ажиллаж байгаад төв суурин газар барааддаг. Ингэхийн хэрээр боловсролын тэгш хүртээмж, Улаанбаатарын болон төв суурин газруудын бөөгнөрөл том асуудал болчихож байгаа юм. Багш нарыг орон сууцтай болоход төрөөс дэмжлэг үзүүлнэ гэсэн зохицуулалтыг хуульд анх удаа тусгасан. Орон нутаг, алслагдсан аймаг, суманд очиж багшилж буй багшид эхний таван жилд зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний урамшуулал олгоно. Энэ урамшуулал цаашид гурван жил тутамд олгогдоно. Мөн боловсролын салбар зөвхөн багш нар дээр тогтдоггүй. Сургуульд багш нараас гадна нягтлан, нярав, номын санч, нийгмийн ажилтан, тогооч, манаач, захирал, эрхлэгч гээд олон төрлийн ажилтнууд ажиллаж байж сургалтын үйл ажиллагаа хэвийн явагддаг. Тэр хүмүүсийн нийгмийн асуудал давхар шийдэгдэх ёстой. Боловсролын орчинд 15-аас дээш жил ажиллаж буй бүх хүний нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүйгээр сургах зохицуулалтыг тусгаж байгаа.
-Багш нарын тэтгэвэр, цалин урамшуулал талд ямар өөрчлөлтүүд тусгасан бэ?
-Энэ талаар бодож, төсөлдөө тусгаад явж байсан ч Засгийн газраас тавьсан саналыг харгалзаад больсон. Засгийн газрын зүгээс “Салбарын хуулиудаар цалин, урамшууллыг зохицуулах нь буруу байна” гэсэн байр суурь илэрхийлсэн. Мөн ийм утгатай Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж ч гарсан байна. Засгийн газраас цалин урамшууллын системийг шинэчлэн тогтоох ажил ид хийгдэж байгаа юм билээ. Удахгүй олон нийтэд зарлах байх.
-Та түрүүн голчлон бага оноотой хүүхэд багшийн сургуульд орж буй нь багш нарын чанарт нөлөөлдөг гэж ярилаа. Хөндөхөөр өнцөг шүү. Багш бэлтгэх тогтолцоонд орж буй өөрчлөлтүүдээс сонирхуулаач?
-Өндөр оноо авсан хүүхдүүдийг МУБИС-д үнэ төлбөргүй сургахыг өмнө нь журмаар зохицуулдаг байсан бол одоо хуулиар баталгаажуулж өгч байна. Хоёрдугаарт дөрөвдүгээр курсэд сурч буй төгсөх ангийн оюутнуудад хичээл заах эрх олгодог зохицуулалтыг хуульд тусгах гэж байгаа. Мөн Багш биш мэргэжилтэй хүмүүсийг түргэвчилсэн сургалтаар багш болгох зохицуулалтыг тусгасан байгаа
-Боловсролын хуульд өөр ямар зарчмын өөрчлөлт туссан бол?
-Боловсролыг зөвхөн танхимд өгдөг гэсэн ойлголтоос гарах хэрэгтэй болоод удаж байна. Тиймээс бүх төрлийн хэлбэрээр боловсрол олж авах боломжийг хуульчилж өгөхөөр болж байна. Сая гэхэд л цар тахлын үед бид хичээлээ онлайнаар, телевизээр заагаад явсан. Гэхдээ энэ хэлбэр яг өнөөдрийн хуулиар бол хууль бус боловсрол. Тэгэхээр гэрийн сургалт, амьдралын орчноос авах сургалт, онлайнаар авч буй сургалт гэх мэт олон төрлийн сургалтыг хууль ёсны болгож тооцох зохицуулалтыг хуульд тусгах ёстой. Хуульд тусгаж буй томоохон зарчмын өөрчлөлтийн нэг бол энэ. Ингэснээр боловсрол олох тэгш боломж ч нэмэгдэж байгаа юм. Монгол орны аль ч өнцөг булангаас хамгийн шилдэг багшийн хичээлд цахимаар сууж шалгалтаа өгөөд тооцуулж болдог болно. Төвлөрлийг ч бууруулах ач холбогдолтой зохицуулалт л даа.
-Бага ангиас англи хэл үзэх нь гэх олзуурхал аав, ээжүүдэд төрчихлөө. Нийгмийн уур амьсгалыг ажиглахад шүүмжлэл, олзуурхал аль аль нь л ажиглагдаж байна. Англи хэлний чиглэлээр яг ямар зохицуулалт Боловсролын хуульд туссан бол?
-Англи хэлний асуудал олны анхаарлыг татах нь аргагүй л дээ. Хуучин нийгмийн үед бидэнд хамгийн чухал, шинжлэх ухааны, мэдлэг мэдээллийн хэл бол орос хэл байсан. Хамаг сэхээтнүүд нь орос хэл үзэж явсан. Тэр үеийн хэрэгцээ нь тийм байсан. Харин энэ шинэ үеийн хэрэгцээ бол англи хэл. Тэгэхээр энэ цагийнхаа хэрэгцээг дагахаас аргагүй. Дэлхийтэй хөл нийлүүлье гэвэл англи хэлийг хуульчлахаас өөр гарц байхгүй. Боловсролын ерөнхий хуульд гадаад хэл үзэх бол хамгийн түрүүнд англи хэл үзнэ, бусад хэлийг сурах нь нээлттэй гэсэн зохицуулалтыг тусгаж байна. Харин хэддүгээр ангиас англи хэл үзэхийг хөтөлбөрийн мэргэжилтнүүд шийдэх учиртай. Хүүхдүүдэд багаас нь англи хэл зааж эхэлбэл үнэтэй хувийн сургуулиудын суралцагсадтай ижил гарааны тэгш байдал руу орж эхлэх нэг томоохон алхам болно. Мэдээж бүх хичээл монгол хэлээр заагдах нь ойлгомжтой. Энэ хуульд англи хэлтэй холбоотой бас нэг зохицуулалт байгаа. Дунд ангиас шинжлэх ухааны хичээлүүдийг англи хэлээр зааж болно гэсэн зохицуулалтыг тусгаж байна. Боловсролын хуулийн төслийн ажлын хэсгийн даргын хувьд англи хэлний чиглэлээр ийм л хоёр өөрчлөлт орж байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Нэгдүгээр ангиас нь англи хэл заана гэж буруу ойлгож болохгүй. Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүд гуравдугаар ангиас эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа юм билээ.
-Таны ярианаас бас нэг өнцөг анхаарал татлаа. Боловсролыг цахимаар авах хэлбэрийг хуульчилж байгаа юм байна. Тэгэхээр шилдэг багш нарын хичээлийг онлайнаар авах боломж сурагч, оюутнуудад нээгдэх нь ээ?
-Хамгийн шилдэг багшийн хичээлийг бичиж аваад онлайн дээр тавихад аль ч аймгийн хүүхэд нээлттэй үзэх боломжийг нээж өгч байгаа. Салбарын яамны medle.mn гээд сайтаас хамгийн шилдэг багшийн хичээлийг үзэх боломж нээгдчихсэн. 16 мянган гаруй хүүхэд аль эрт бүртгүүлчихсэн Монголын хамгийн шилдэг багш нараас сураад явж байна. Дахиад онцлоход Боловсролын ерөнхий хуульд энэ мэт өөрчлөлтүүд орсны үр дүнд боловсрол олох тэгш гараа, тэгш хүртээмж, тэгш боломжууд нээгдэх юм.
-Хувийн сургуулиудтай холбоотой ямар зохицуулалт орж байгаа вэ?
-Бид ардчилсан улсад ажиллаж амьдарч байна. Энэ утгаараа боловсрол олох сонголт өргөн байх ёстой. Бид үндсэн хуульдаа ч хувийн сургууль байж болохыг заагаад өгчихсөн. Хувийн хэвшилтэй холбоотой хэд хэдэн чухал заалтууд орсон. Нэгдүгээрт эцэг эхчүүд олон улсын Кембрижийн,IB гэх мэт, эсвэл Япон, Финлянд ч гэдэг юмуу гадаадын нэртэй хөтөлбөрүүдийг заадаг гэж итгээд хүүхдүүдээ өгдөг. Гэтэл яг тэр хөтөлбөрөө бүрэн зааж чадаж байгаа эсэхэд дотоодод хэн ч үнэлгээ хийдэггүй, манай ямар ч хууль зохицуулалт хийдэггүй байсан. Тэгвэл Боловсролын ерөнхий хуулийн төсөлд олон улсын хөтөлбөрөөр сургаж байгаа сургуулиуд эрх авсан газраасаа чанараа үнэлүүлсэн үнэлгээгээ нийтэд нээлттэй зарлаж БШУЯ-нд тус мэдээллээ хүргүүлж байх үүрэг хүлээлгэсэн зохицуулалт хийлээ. Мөн сургалтын төлбөрийн зарцуулалтад эцэг эхийн хяналт заавал байх эрхийг нээж өглөө. Ашгийн, ашгийн бус гэдгээ сонгож бүртгүүлээд татвар хураамжаа төлдөг болно. Эцэст нь төрийн бүх нийтийг суурь боловсролыг үнэ төлбөргүй олгох үүргийг хэрэгжүүлж байгаагийнхаа төлөө улсаас авдаг хувьсах зардлыг зөвхөн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулиуд гэрээний биелэлтээ үнэлүүлж байж авдаг байх зохицуулалт орсон.
-Боловсролын хууль хэзээ батлагдах төлөвтэй байна вэ?
– Зарчмын зөрүүтэй саналынхаа талыг нь хураасан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл УИХ-д ороод ирлээ. Дэгийн тухай хуулиар Үндсэн хууль хэлэлцэж байгаа үед өөр хууль зэрэгцүүлэн хэлэлцдэггүй хуультай юм. Тийм учраас Үндсэн хуулийн хэлэлцүүлэг дуустал Боловсролын хуулийн хэлэлцүүлэг түр зогссон. Үүний дараа Боловсролын ерөнхий хуулийн анхдугаар хэлэлцүүлэг дуусна. Анхдугаар хэлэлцүүлэг дуусвал нэг их хугацаа авахгүй болов уу. Энэ чуулгандаа багтаад батлагдчих байх. Онцолж хэлэхэд УИХ энэ чуулганыхаа үеэр хүний хөгжилд онцгой анхаарна гээд ажиллаж байгаа. Хүний хөгжлийн чиглэлд гарах гол хууль бол Боловсролын хууль. Гишүүд маань идэвхитэй дэмжиж байгаа.
-Та анх гишүүн болсноосоо хойш л Дарханы замыг анхаарна гэж ярьж эхэлсэн. Зам тээврийн сайдуудтай ч нэлээд тулж, шаардаж ажиллах шиг боллоо. Дарханы зам өнөө хүртэл дуусаагүй л байна. Бүтээн байгуулалт нь хэдэн хувьтай байгаа вэ, хэзээ бүрэн ашиглалтад орох бол?
-Дарханы замын бүтээн байгуулалт сүүлийн жил нэлээд ахицтай явлаа. Өнөө жилдээ багтаад ашиглалтад бүрэн оруулна гэсэн мэдээллийг салбарын яамнаас нь өгсөн. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Дарханы замын ажил намайг гишүүн болохоос гурван жилийн өмнө шахам эхэлсэн бантан байсан. Сонгуулиар Дархан руу явах гэж найман цаг 30 минут зарцуулдаг байлаа. Дарханы замын хойноос хөөцөлдсөн минь ч учиртай. Энэ зам бол Монголын, Дарханы маань эдийн засагт маш том нөлөөтэй. УИХ, Засгийн газраас төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлж байгаа. Дарханы зам энэ бодлоготой нягт холбоотой. Өнөөдрийн хувьд Дархан руу жигд хурдаар явахад гурван цаг орчим давхиад л хүрдэг болсон. Дарханд оффисын байр олдохгүй байна. Улаанбаатарын компаниуд олноороо нүүж очиж байгаа. Дарханд жилдээ мянга орчим айлын орон сууц баригдаж байна. Байр олдохоо больсон. 500 гаруйг нь дарханчууд өөрсдөө авч байна. Талыг нь гаднаас очсон хүмүүс авчихаж байна. Дарханы зам гэж ярьж байгаа ч ачир дээрээ хойд бүсийн найман аймаг, Ази, Европыг холбосон эдийн засгийн том судас л даа. Ийм зам зургаан жил гацна гэдэг бол гутамшиг. Сонгуульд өрсөлдөж байхад дарханчууд “Энэ замыг л дуусгаад өгчих” гэж хүсч байсан. Гацсан том ажлуудаас нь барьж аваад ажилласан. Ний нуугүй хэлэхэд намынхаа сайд нартай муудахдаа муудаж, ойлголцохдоо ойлголцоод өнөөг хүрлээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд санал оруулж, ажлын хэсэг байгуулсныг та мэдэж байгаа байх. Миний ахалж байгаа тэр ажлын хэсэг арав гаруй удаа хуралдсан. Байнга үүрэг чиглэл өгч араас нь хэрэгжилтийг нь шалгаж, шаардаж мэдээллийг нээлттэй өгч яваа. Ингэж ажилласны хүчинд Дарханы зам гацаанаас гарсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхний ээлжинд ямартай ч хоёр хотыг хатуу хучилтаар холбож чадсан.
-Зургаан жил гацаасны эцэст хуучин байсан руу нь орууллаа гэсэн шүүмжлэл бий. Энэ шүүмжлэлд ямар тайлбар хэлэх вэ?
-Энэ замын чанар нь өмнөхөөсөө огт өөр. Цементэн суурьтай. Өндөр даацын олон улсын стандартаар хийгдэж байгаа зам. Дарханы замын хувьд нийтдээ арван багц, хоёр урсгал 410 км зам юм. Гүйцэтгэл нь 64 хувьтай яваа. Дахиад хэлэхэд энэ ондоо багтаад үлдсэн хоёр эгнээ нь ашиглалтад бүрэн орох учиртай. Энэ бол Зам тээврийн яамныхны өгч байгаа амлалт. Мэдээж миний хувьд үргэлжлүүлэн шахаж ажиллана.
-Дарханы замын хувьд ямар бэрхшээлүүд тулгардаг вэ?
-Санхүүжилтийн бэрхшээл гардаг. Гаднаас орж ирж байгаа инженер техникийн ажилтнуудын бэрхшээл бий. Тоног төхөөрөмж, бараа материал дээр ч асуудал үүсдэг. Туслан гүйцэтгэгч нь өөр ажил руу хаяад явчихдаг бэрхшээл гарна. Ханшийн өсөлтийн бэрхшээл, замын осол гээд зөндөө л асуудал гардаг. Энэ мэт маш олон асуудал бий. Тэр бүхний араас явж, анхаарал хандуулж ажилласаар ирлээ. Цаашид ч ингэж ажиллана.
-Одоогоор ямар ажлууд хийгдэхээр байгаа бол?
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тавигдсан урсгал дээр таван см-ийн зузаан асфальтан хучилт нэмж явна. Хоёрдугаарт ЕСБХБ-ны санхүүжилтийн дутуу байгаа урсгалууд бүтэн дуусч, хөвөө хязгаарууд нь тавигдах ажил бий. Баруунхараагийн урдах нэг урсгалын гүүрний дутуу санхүүжилтыг шийдүүлээд дуусч байх шиг байна. Одоогийн байдлаар 1200 гаруй инженер техникийнхэн болон ажилчид Дарханы зам дээр ажиллаж байна. Зам тээврийн сайдтай болон бусад холбогдох сайд нартай байнга холбоотой, тайлан авч ажиллаж байгаа.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх байр суурийг тань сонирхъё?
-Иргэдээр хэлэлцүүлэх, санал авах ажил ид өрнөж байна. УИХ-д орж ирэх иргэдийн, нийгмийн бүлгүүдийн, газар нутгийн төлөөллийг нэмэгдүүлэх боломж гэж харж байгаа учир Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төслийг дэмжиж байгаа. Гишүүдийн тоог нэмэх тухайд гэвэл нэгдүгээрт хүн амын маань тоо 1992 оноос хойш өссөн байна. Хоёрдугаарт өмнөх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр давхар дээл гэгддэг ойлголтыг зөвшөөрчихсөн. Энэ нь ажил хэрэг явахад хамаагүй илүү зөв шийдэл мөн байсан. 76 гишүүний 20 нь сайд болох боломжтой байна гэсэн үг. Ингэхээр хууль тогтоох засаглал гүйцэтгэх засаглалдаа хяналт тавьж чиглүүлж чадаж байна уу гэдэг асуулт зайлшгүй тавигдана. Тэгэхээр гишүүдийн тоог тодорхой хэмжээнд нэмэх нь зөв. Иргэдийн хэлэлцүүлгийн үеэр өргөн баригдсан төслийн 152 гэдэг тоог дэмжихгүй нь дийлэнх байгаа ч тодорхой хэмжээнд нэмэх нь зөв гэж ойлгож хүлээж авч байна лээ. Уг нь шинжлэх ухаанчаар харвал төслийн 50:50 гэдэг харьцаа хамгийн чухал байгаа юм. Иргэдийн саналыг ажлын хэсэгт хүргэж тайлангаа тавьсан байгаа. Тогтолцооны хувьд ч холимог тогтолцоо орж ирэх нь зөв. Яагаад гэвэл жишээ нь ДарханУул аймаг 100 мянга гаруй хүн амтай, үүнээс 75 мянга орчим хүн нь сонгуулийн насных. Сонгуульд 50 мянга орчим хүн ирж саналаа өгдөг. Эндээс 25 мянган хүний санал аваад би УИХ-ын гишүүн болсон. Гэтэл надад болон манай намд санал өгөөгүй ахиад 20 мянга орчим хүний санал гээгдчихэж байгаа юм. Тэдний төлөөлөл гадна талд биш танхимд орж ирээд цөөнх ч гэлээ дуу хоолойгоо илэрхийлээд ширээний ард улс орныхоо талаар байр сууриа уралдуулж байх нь хөгжилд илүү үр дүнтэй юм.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН