Ковид-19-ийн нөхцөл байдал, вирусын хувилбарын тандалтаар манай улсад ямар хувилбар тархалттай байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Тандалт судлал эрхэлсэн дэд захирал Ж.Байгальмаа “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхий нийтэд Ковид-19-ийн цар тахал ихэссэнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 765 сая тохиолдол батлагдаж, бүртгэгдсэн байна. Эдгээрээс 6,9 сая хүн амь насаа алджээ.
Он гарснаас хойш дэлхий нийтэд Ковид-19-ийн тохиолдлын тоо тогтвортой сайн буурч байна. Сүүлийн долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэвч зарим улс оронд өвчлөл өндөр бүртгэгдсэн хэвээр байна. Тухайлбал, АНУ, Солонгос, Япон, Энэтхэг, Бразил, ОХУ зэрэг улсуудад долоо хоногт 30-80 мянган тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна.
Манай улсын хувьд 18 дахь долоо хоногт улсын хэмжээнд нийт 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Омикроны дэд хувилбар нь бусад хувилбартайгаа адил хүнээс хүнд халдах байдал нь өндөр хэвээр байна. Гэхдээ эмнэлзүйн хувьд харьцангуй хүндрэл бага боловч тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр ахмад настай хүмүүс хүндрэх эрсдэлтэй. Тиймээс нийт ард иргэд олон хүн цугласан газраар явахдаа амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих дадлаа үргэлжлүүлэн барих шаардлагатай байна" гэв.
Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзнэ үү.