Өрөг.мн сайт “Монголдоо үлдэнэ” цувралын энэ удаагийн дугаарт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Б.Довиучтөмөрийг урилаа. Тэрээр оёдол, гагнуурыг зэрэгцүүлэн хийх, бөхийн дугуйлан хичээллүүлэх гээд өөрт байгаа боломж, нөөц бүхнээ ашиглаж яваа хөдөлмөрч залуусын төлөөлөл юм. “Монголд хийж чадвал зах зээл, орон зай нь байна. Ямар ч юмыг эхлэхдээ эхний хэдэн жилээ давчих хэрэгтэй. Тийм зоригтой, тууштай байх хамгийн чухал гэсээр бидний яриа эхэлсэн юм.
“80 МЯНГАН ТӨГРӨГӨӨС БИЗНЕСЭЭ ЭХЭЛЖ БАЙЛАА”
Б.Довиучтөмөрийнх ам бүл тавуулаа. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Тэд 2009 онд гэр бүл зохиосноосоо хойш өөрсдийн бичил бизнесээ эхэлжээ. Б.Довиучтөмөр биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй тул өөрийн мэргэжлийн давуу талыг эрхэлж буй бизнестэйгээ уяж чаджээ. Тэрээр голдуу спортынхонд зориулсан ширэн бүс, цүнх оёж зах зээлд нийлүүлж байна. Мөн үүнтэйгээ зэрэгцүүлэн биеийн тамирын дасгал хийх боломжтой тоног төхөөрөмжийг захиалгаар хийдэг байна. Тэр энэ тухай ярихдаа “Анх хувиараа юм хийе гэж шийдчихээд 80 мянган төгрөгөө бариад зах руу явж байлаа. Түүгээрээ материал авч, 3-4 цүнх хийчхээд их урамшсан. Болох юм байна гээд цааш үргэлжүүлсэн. Юм гэдэг багаас эхэлдэг шүү дээ. Одоо би таван төрлийн цүнх хийж байна. 10 гаруй жилийн хугацаанд хийсэн бүсний маань тоо лав л 10 мянга давсан байх” гэсэн юм.
Биеийн тамирын дасгалжуулагч Б.Довиуч оёдлын салбарт хөл тавьсан түүх энгийн. Эхнэртэйгээ дэлгүүр бүс үзэж явж байгаад чанарыг нь шалгах гээд гараараа дараад хугалчхаж. Ингээд бараа үзэж байгаад гологдол болгосон гэх “хэрэгт унажээ”. Тэр үед “Яагаад Монголдоо чанартай юм өөрөө хийж болохгүй гэж…” гэж шийджээ. Тэр цагаас хойш 14 жилийн хугацаанд Б.Довиучтөмөр оёдлын салбараасаа холдоогүй. Ерөөсөө эхнэртэйгээ хамт өмд оёж заръя гэж шийдээд бүтэлгүйтэж явсан тухайгаа ч хуваалцлаа. Гэхдээ тэр “Огт бууж өгөөгүй нь миний том олз” хэмээн ярьсан юм. Өдгөө эднийх байшингийнхаа нэг өрөөг оёдлын өрөө болгон тохижуулж, өрхийн бизнесээ явуулж байна. Гадаа гагнуурын багаж төхөөрөмж дүүрэн, гэрт нь оёдлын машин эгнэсэн гээд энэ айлд их ажил ундарна. Тэр цах тахлын үед хэд хэдэн найздаа эергээр нөлөөлж, оёдолчин болгожээ.
АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ- НАЙЗЫН БЭЛЭГЛЭСЭН ОЁДЛЫН МАШИН
Б.Довиучтөмөрийг оёдлоо тууштай үргэлжлүүлэхэд гол хүч өгсөн хүн бол түүний найз нь. 10-аад жил оёдол хийхдээ тэр гараараа л “ноцолддог” байж. Энэ үед нь найз нь оёдлын машин авч өгснөөр хөдөлмөр хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэж өгчээ. Тэрээр энэ талаар “Хүн их мөнө хүлээгээд суугаад байвал юу ч бүтэхгүй. Юм гэдэг багаас эхэлдэг. Том зээл гэж хүлээж суулгүй л эхлэх хэрэгтэй юм билээ. Юмаа чанартай хийгээд ирэхийн цагт хүмүүс чамд итгэнэ. Захиалгаа өгнө. Хөрөнгө оруулалт гэдэг чинь тэр юм байна лээ. Түүнээс биш 50,100 саяар хүнээс мөнгө зээлэхийг хэлэхгүй. Яваандаа өргөжинө. Тэлнэ. Түүнд сэтгэл санаагаа бэлтгэж тэвчээртэй байх хэрэгтэй. Хоолтой хоолгүй хонох ч үе таарна. Тэр бүгдэд сэтгэл зүйгээ бэлтгэж, тууштай байх чухал” гэлээ.
МОНГОЛД ХИЙЖ БҮТЭЭХ ХАНГАЛТТАЙ ОРОН ЗАЙ, БОЛОМЖ БАЙНА
Монголд хийж бүтээх, үйлдвэрлэл эрхлэх хангалттай боломж байна хэмээн тэр ярьж байна. Гагцхүү татварын бодлогоо уян хатан болгох чухал байгааг хэлсэн юм. “Төр бараа материалын гаалийн татвараа бууруулмаар байна. Ингэвэл үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хямд гарна. Хямд үнээр худалдаалах боломж бүрдэнэ. Бараа материалын үнэ нэмэгдээд байхаар бид ашиггүй ажиллана. Үнээ нэмэхэд ч хэцүү байх юм. Өнөөдөр импортын бараа зах зээлийн дийлэнхийг хангаж байна. Хэрэв гаалийн татварыг бууруулж, бараа материалын үнэ буурчихвал үндэсний үйлдвэрлэгчдийн нуруу тэнийнэ. Монголчууд ч эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ.
Ганцхан жишээ авъя л даа. Би хааяа хүмүүсийн захиалгаар арьсан цүнх хийдэг юм. Цар тахлын өмнө цүнхний материалыг урдаас авахад 1 дециметр квадрат нь 450-480 төгрөг байлаа. Харин одоо шууд 2000 төгрөг болчихсон. Ингэхээр эцсийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээс өөр аргагүй. Залуус эх орондоо хийж бүтээхээр оролдож, хичээж байна. Үүн дээр нь бодлогоор анхаараад өгөөсэй” гэсэн юм.
Б.Довиучтөмөрийн хашаанд ажил ид өрнөнө. Оёдлын машин дуугарч, бүсээ нямбайлан нааж оёно. Төд удалгүй гадаа гарч, захиалгын багажаа гагнана. Энэ ажлуудаа дуусчхаад тэр сурагчдад бөхийн дугуйлангийн хичээлээ орно. Гурван ажил, заримдаа үүнээс ч олныг амжуулдаг ч дуртай юмандаа хүн ядардаггүй гэж ярина. Түүний хань С.Хишигсүрэн ч их дэмжинэ. Хамгийн гол зөвлөгч нь.
ЗОРИЛГОТОЙ ХҮНЭЭС МӨРӨӨДӨЛ НЬ ХОЛДДОГГҮЙ
Б.Довиучтөмөр сумын заан цолтой. 10 жилийн өмнө осолд өртөж, тархиндаа гэмтэл авчээ. Ингээд салбараа орхиж, оёдлын салбарт орсон ч тэр өөрийнхөө мөрөөдлөөс нэг ч өдөр холдоогүй. Учир нь тэр спортынхонтойгоо байнга холбоотой байж ирснээс гадна, саяхнаас үндэсний бөхийн секц хичээллүүлж эхэлжээ. “Зөвхөн хичээл заагаад дуусах чухал биш. Би амьдралын боломж тааруу хүүхдүүдийг дэмжиж, тэдэнд урам зориг хайрлах юмсан гэж боддог. Дэмжихийг хичээдэг хэмээн ярилаа. Тэр олон жилийн дараа өөрийн үндсэн мэргэжлийн ажлаа хийж, салбартаа улам ойртсондоо их л баяртай байгаа нь илт. “Хүн дуртай юмандаа л…” гэж байнга ярина.
С.ХИШИГСҮРЭН: ХИЙЖ, ОРОЛДОЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ШАНТАРЛАА ГЭЖ ЯРЬЖ БОЛОХГҮЙ
Түүний ханийг С.Хишигсүрэн гэдэг. Тэр ханийнхаа тухай ярихдаа нүд нь сэргэнэ. “Манай хүн гагнуураа ч хийнэ, бүсээ ч оёно, цүнхээ ч эсгэнэ, багшаа ч хийнэ” гээд нэг хүнд ахадсан ажил хийдэг. Би хүүхдүүдээ хараад л, хажуугаас нь зөвлөөд л, хоол цайг нь бэлдэж өгөхөөс хэтрэхгүй юм” хэмээн санаа зовонгуй ярина. Тэд хамтдаа зөвлөж, хамтдаа сэтгэж, хамтдаа тэвчиж энэ бүгдийг бүтээж явна. С.Хишигсүрэн “Зарим хүн Монгол үнэхээр хэцүү байна. Явмаар байна гэдэг. Гэтэл анзаараад харвал боломж дүүрэн байна. Үнэхээр оролдоод бүтэхгүй бол л болохгүй байна гэж хэлэх хэрэгтэй. Түүнээс биш, оролдож тэмцэж үзээгүй байж шантрах тухай ойлголт байж болохгүй. Аливаа зүйлийг хийж эхлээд 1-2 жил, цаашлаад амжилтад хүрэхэд 3-4 жил ч хэрэгтэй гэдгийг сайтар бодож байх хэрэгтэй. Бид хоёр ийм л зарчмаар явсан. Хүн тасралтгүй шинийг сэдэж байх ёстой гэж боддог. Би удахгүй спортынхонд зориулсан биеийн тамирын хувцас оёж эхэлнэ гэж бодож байгаа” гэлээ.
Ийнхүү нэгэн залуу гэр бүл боломж бүхнээ дайчилж, эх орондоо хийж бүтээх боломж байгааг өөрсдөөрөө харуулж явна.
Видеог дээрээс үзнэ үү.