Өнөөгийн нийгмийн үнэн бодит дүр зургийг алган дээр тавьсан мэт тодхон харуулах “Монгол” уран сайхны кино нээлтээ хийж үзэгчдийн хүртээл боллоо. Үнэн хайр сэтгэлийн холбоогоор дамжуулан нийгмийн, улс төрийн олон ээдрээт асуудлыг уран бүтээлч сэтгэлгээгээр хөндөж буй энэхүү бүтээл нь ирээдүйгээ барьцаалан хөрөнгөжиж буй “томчуудын” бусармаг үйлдлийг тольдсон юм.
Энэ талаар Жүжигчин, кино зохиолч, найруулагч Б.Амарсайхан ярихдаа, “Монгол” УСК-гоороо дамжуулж уран бүтээлч бид үзэгчдэдээ асуулт тавьж буй нь энэ. “Кино гэдэг мэдрэмжээ хуваалцах урлаг юм байна” гэж миний нэг найз хэлж байсан юм. Кино уран бүтээл гэдэг өөрөө хөгжимтэй, тексттэй, хөдөлгөөнтэй. Тэр болгоноор дамжуулж үзэгчидтэй ярилцахыг хичээсэн.
Яаж, ямар нөхцөл байдалд бид энэ түүхэн сэдэвт кино хийсэн гэдэг чухал. Бид хотод зургаа авсангүй. Цаг үе нь өөр учраас хотод зураг авалтаа хийх боломж ч байгаагүй. Нэг шонгийн модыг хүртэл хасаж авахаас эхлээд хэцүү зүйл олон. Тал газраар явчихсан машины зам хүртэл бидэнд асуудал болж байсан.
Энэ мэт асуудлаас эхлээд түүхэн кино хийх нь амар ажил биш. Ийм нөхцөл байдлаас харах юм бол бид чадах чинээндээ, киногоо тултал хийлээ. Яг найруулагч, уран бүтээлийн өнцгөөс өөрийн бүтээлээ харахад би үүнээс илүүг хийж чадах юм байна гэсэн бодлыг одоогийн байдлаар өвөртөлж байна.
Кино зураг авалтын тухайд, өнгөрсөн найман сараас 12 дугаар сар хүртэл хийсэн. Бидэнд цаг хугацаа хэзээ ч хангалттай байдаггүй. Үргэлж цаг хугацаанд шахагдаж байсан. Нээлт маань долоо хоногийн дараа байсан бол гэсэн бодол үргэлж үлдэж байдаг. Монгол киног бүтээсэн баг бүрэлдэхүүн тэр чигтээ монгол уран бүтээлч байснаараа онцлог. Компьютер график дээр хүртэл манай залуус маш чадварлагаар ажиллаж чадсан. Мэргэжлийн чадварлаг уран бүтээлчдийг тал талаас нийлүүлж хийснээрээ онцлог гэсэн үг.
Багийнхан маань бүгдээрээ л туршлагатай, хүнд хэцүү зүйлсийг мэдэрч үзсэн хүмүүс байсан юм. Киноны хамгийн хүнд зураг авалт нь гол дүрийн эмэгтэй жүжигчний хүрхээнд усанд орж буй хэсэг. Наана нь зогсоод техник хийж байгаа хүмүүсийн толгой хага ташмаар хүйтэн байсан. Тэнд бид маш удаан зураг авалтаа хийсэн. Маш их тэвчээр шаардсан үзэгдэл байх. Зурганд гарахынхаа өмнөхөн л Сэрчмаагийн дүрд тоголсон Солонго-Уянга жүжигчнээ олж авсан. Дүрийнхээ сонголтыг би өөрөө хийсэн байгаа” гэв.
Харин Монгол киноны продюсер С.Уран: Бидний хүсэл бол кино театрыг зорьж ирж үзэж байгаа хүмүүс монгол түүх, монгол угсаагаараа, уран бүтээлээрээ бахархах ойлголттой болоосой гэж хүсэж байна. Бид өөрсдөө болон бидний хүүхдүүдэд гадны кино уран бүтээл л гоё гэсэн ойлголт тогтчихсон байдаг. Магадгүй Монголын дүр Марвелын кино баатар гэж төсөөлж болохоор. Өнөөдөр бид монголын зах зээлийг маш жижигхэн гэж боддог боловч тийм биш. Кино урлагийн салбар өөрөө асар их хөрөнгөн дээр босдог. Аль болох кино театрыг зорьж, үзвэр үзэх насны ангилал өргөжөөсэй гэж бодож байна.
Монголын шилийн сайн эрсийн түүх бол маш гайхалтай түүх шүү дээ. Нэгдүгээрт өнөөгийн цаг үетэй кинон дээр гарч буй үйл явдал давхцаад байгаа учраас маш гоё. Өнгөрсөнд болсон ямар нэгэн сайн эрийн талаар кино хийх нь сэтгэл хөдөлгөм зүйл мөн. Гэхдээ өнөөдөр үзэгчид маань маш гярхай соргог болсон. Тиймдээ ч өнөөдрийн үзэгчидтэй ярилцаж чадах түүхийг гаргаж ирэх нь маш чухал байсан гэлээ.