Хүүхдийн эрхийн тухай конвенцын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч улсууд хүүхдийн амьд явах жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрнө.”, 2 дахь хэсэгт “Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.” гэж тус тус заасан байдаг.
Хүний Эрхийн Үндэсний Комиссийн "Илтгэл-22"-ийн хүүхдийн эрх, тэр дундаа дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эрхийн асуудалд дүн шинжилгээ хийлээ.
2021-2023 оны 02 дугаар сарын байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд дотуур байртай холбоотой асуудлаар нийт 42 дуудлагаар 49 гомдол иржээ. Нийт гомдлын 35%-ийг дотуур байрны багш, ажилчдын зүй бус харилцаатай холбоотой гомдол эзэлжээ. Тухайлбал , дотуур байрны багш хүүхдийг дарамталдаг, харанхуй өрөөнд түгждэг, байрнаас хөөнө гэж дарамталдаг тухай.
Харин 31 хувийг дотуур байрны өрөө хангалтгүй байгаатай холбоотой гомдол эзэлж байна. Дотуур байрны нэг өрөөнд олон хүүхэд амьдрах, орны хүрэлцээгүй байдлаас шалтгаалан нэг орон дээр нэг айлын хоёр хүүхдийг хамт унтуулах, нэг айлын эрэгтэй, эмэгтэй хүүхэд нэг өрөөнд хамт амьдрах, ах нь эмэгтэй дүүтэйгээ 1 оронд унтах тохиолдол байсаар байна.
.Дотуур байрны сурагчдын зарим ярианаас: "…Манай өрөө бясаатай. Унтаад босоход зөндөө хазсан байдаг. Байрын багшид хэлж хор цацуулдаг боловч ерөөсөө арилдаггүй. Бясааны тос авч түрхдэг… …Гэрлээ асаахаар өрөөний ханан дээр бясаа явж байдаг. Манай өрөөний ханын цаасыг хуулсан ч бясаа арилаагүй…"
н"..Манай өрөөний 2 хүүхэд хоорондоо үерхдэг. Үерхдэг хүүхдүүд хамт байдаг нь өрөөний бусад хүүхдүүдэд дарамттай байдаг…"
Дотуур байрны хүүхдүүдийн хооллолтын асуудал мөн л төвөгтэй. Энэ талаар Хүний Эрхийн Үндэсний Комиссийн Илтгэл 22-д "Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Хоолны зардлын норматив тогтоох тухай” 498 дугаар тогтоолоор дотуур байранд амьдрах нэг сурагчийн хоолны зардлыг өмнө нь 3475 төгрөг байсныг 4300 төгрөг болгож нэмэгдүүлсэн сайшаалтай хэдий ч энэхүү зардлын төсөв нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан бодит байдалд хоолны зардалд хүрэлцэхгүй байгаа нь хүүхдийн хоол хүнсэнд хугацаа дууссан, өдрийн хоолонд зөвхөн нэг хоол өгдөг зэргээр хүүхэд зохистой хоол хүнсээр хангагдах эрхээ эдэлж чадахгүй, тус эрх зөрчигдөх бодитой нөхцөл байдал үүсээд байна" гэж бичжээ.
Дотуур байрны сурагчдын эрхийн асуудал зөрчигдөж байгаа учир стандартад нийцүүлэх шаардлагатай байгааг ч онцолжээ.