Бид өнгөрсөн сард хэл ярианы бэрхшээлтэй, сонсголгүй иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгч чадахгүй байдлаас үүдэн, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хараагүй болтлоо зодуулсан тохиолдлын талаар мэдээлсэн. Тэгвэл Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд яаралтай дуудлага мэдээлэл өгөх боломжтой байдаг талаар хэллээ. Тухайлбал 102 дугаарын утсанд тусламж хэрэгтэй байгаа тухайгаа мессежээр илгээхэд видео дуудлага хийх линк, байршил тогтоох линк зэргийг явуулдаг юм байна. Энэ талаар мэдээллийг та бүхэнд хүргэе.
Энэ талаар МШУТ-ийн систем хариуцсан тасгийн дарга, хошууч Б.Борбанди,
“Мессежээр дуудлага авах үйлчилгээг 2020 оноос хойш нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар 300 орчим дуудлага мэдээлэл авсан байх. Мессежээр тогтмол авахын хажуугаар видео хэлбэрээр дуудлага авах техникийн боломж бүрдсэн байгаа. Мөн гар утасны апп боловсруулаад таван сард дуусах юм. Таван сарын дундуур хэрэглээнд нэвтрүүлнэ гэсэн үг. Энэ нь ямар боломж нээх гэхээр, бүх текст нь дохионы хэлний тайлбартай байна” гэв.
Харин энэ талаар дохионы хэлмэрч, орчуулагч Б.Саранчимэг, "Сонсголын бэрхшээлтэй иргэнд мэдээлэл харилцааг хүртээмжтэй нэвтрүүлэхийн тулд дохионы хэлмэрч, орчуулагч маш их хэрэгтэй. Яагаад гэхээр монгол улсад 12 мянган сонсголын бэрхшээлтэй иргэн байна. Тэр хүмүүс ажиллаж байна, сурч байна, амьдарч байна. Эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй. Мэдээ мэдээллийг хүртээмжтэй авах хэрэгтэй гээд хуульд заасан байгаа. Энэ хуулийн хүрээнд бид тодорхой үе шаттай ажлуудыг явуулж байна. Албан ёсны хэлмэрчийг бэлдэхийн тулд 2.5 жилийн хэлмэрч, орчуулагчийн ангийг нээсэн байгаа. Үүнд 20 хүн суралцаж байна" гэлээ.
Түүнчлэн бил МШУТ-д хэл ярианы бэрхшээлтэй хэчнээн иргэн хандаж асуудлаа шийдвэрлүүлсэн талаар Систем хариуцсан ээлжийн инженер, ахлах дэслэгч Д.Мөнхбаясгалангаас тодруулахад,
"Манай шуурхай удирдлагын хэлтэс 102 есөн шугамаар, дөрвөн ээлжээр дуудлага мэдээлэл хүлээн авдаг. Үүнээс дөрвөн алба хаагч нь дохионы хэлмэрчийн сургалтад хамрагдсан. Ар араас нь нэг нэгээр нь сургалтад хамруулаад бүх алба хаагчдаа дохионы хэлний мэдлэгтэй болгоё гэдэг байдлаас сургалтад хамруулж байгаа. Эхний дөрвөн албан хаагч нь дохионы хэлээ сурчихсан. Үүгээрээ дуудлага мэдээллийг тасралтгүй хүлээн авч байна. Видео дүрс дуудлагыг ажиллуулж эхэлснээс хойш иргэдээс 53 дуудлага авсан байна. Цахим зурвас буюу богино зурвасаар дуудлага мэдээлэл хүлээн авч байгаа. Үүгээр 200-аад дуудлага авсан байна" гэсэн юм.