Бид жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай ЖДҮХС-гийн талаар, болон сангаас авсан зээлээ төлөхгүй байгаа ААН, байгууллагуудтай хэрхэн ажиллаж буй талаар ярилцлаа.
-Юун түрүүн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэж яг юуг хэлээд байгаа юм. Хэнд, ямар шалгуураар зээл олгодог талаар мэдээлээч?
-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 2009 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мэдээж анхны зорилгын тухайд, олон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг олноор бий болгох зорилготой байсан. Дэлхийн улс орнуудад ч ижил төрлийн ийм сан байдаг. Өөрөөр хэлбэл арилжааны банкны шаардлага хангахгүй, дөнгөж гарааны бизнес эрхэлж байгаа, эсвэл үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгууллагуудад арай хялбар аргаар, хөнгөлөлттэй зээл олгодог. 2019 онд Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн нэр бүхий гишүүд санаачлан баталсан. Ингээд 2020 оноос журмаа батлаад, яг жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд , аж ахуй нэгжүүдэд олгож эхэлсэн. Үүнээс өмнө иргэнд олгодог байсан юм. Тухай, тухайн үедээ журмаа салбарын сайд батлаад явдаг байсан. Энэ хүрээнд алдаа завхрал гарсан юм. Жишээ нь 2015 онд салбарын сайд журмаа өөрчлөөд, ямар ч комисс сонгон шалгаруулахгүйгээр, тушаалаараа сонгон шалгаруулдаг болоод явсан. Ингээд 2016 оны нэг сараас, долоон сар хүртэл сайдын тушаалаар арав гаруй тэрбум төгрөгийг ААН, иргэдэд өгчихсөн байх жишээтэй. Гэтэл энэ ААН-үүд өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй яваад байна.
2020 ОНООС ХОЙШ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАЙ ХҮНД ОЛГООГҮЙ
Энэ сан байх ёстой юу гэвэл ёстой. Гол нь 2018 оноос өмнө сангийн үйл ажиллагааг зорилтот авах хэсэгт нь биш, өөр бүлэгт олгосон. Энэ сан тийм их мөнгөтэй сан биш. Хүмүүс яагаад бухимдаад байна гэхээр яг үйлдвэрлэл хийх гэж байсан хүмүүс нь өөрсдөө мэдээгүй байтал өмнөөс нь эрх мэдэлтэй, мэдээлэлд ойрхон байгаа хэсэг нь авчихсанд бухимдаад байгаа юм. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгож байгаа зээл бол 2020 оны журмаараа яг үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст олгоод явж байгаа. 2020 оноос хойш төрийн өндөр албан тушаалтай хүнд олгоогүй. Ямар нэгэн авлига ашиг сонирхлын зөрчил гараагүй. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтыг явуулахдаа газар дээр нь очиж үздэг болсон. Өмнө нь нэг нөхөр цаасан дээр гоё төсөл бичиж ирээд л авчихдаг байсан бол одоо тийм зүйл байхгүй. Дөрвөн үе шаттай шалгаруулдаг болсон. Дөрөвдүгээр шат нь яг газар дээр нь очиж үзээд төсөл хэрэгжих боломжтой байна уу, туршлага нь байна уу, төсөл дээр бичсэн мал ахуй, тоног төхөөрөмж нь байна уу гэдгийг шалгаж оноо тавьж, тэнцсэн тохиолдолд дараагийн шат руугаа орж байгаа.
ШҮҮХ ДЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААГ УДААШРУУЛАХ МУУ АРГАА МЭДДЭГ НӨХДҮҮД ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БУЛТСААР БАЙНА
-Shilen.gov.mn дээр 200 гаруй тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байсан. Энэ мөнгө бүхэлдээ муу зжжлийн ангилалд орсон юм уу? Бүр 2013 онд зээл авчхаад өнөөдрийг хүртэл төлөөгүй компаниуд олон байна. Яаж зээлийг нь төлүүлэх ёстой вэ? төлөхгүй байна гээд гонгиноод сууж байх ёстой юм уу?
-Өнгөрсөн хугацаанд 8403 ААН-д нэг их ная 18 тэрбум төгрөгийн зээл олгосон. ЖДҮХС өөрөө улсын төсвөөс, хөгжлийн банк, засгийн газрын бондоос эх үүсвэр босгосон. 660 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр босгоод, дахин зээлдүүлэх замаар нэг их наяд төгрөгийн зээл олгоод байна гэсэн үг. Шилэн мэдээлэлд харагдаж буй муу зээлийн ангилалд 2009 оных ч бий. 2010 оных ч бий. Хамгийн жин дарж байгаа нь 2012-2016 оны хооронд байгаа. Энэ ААН-үүд авсан зээлээ төлөхгүй байна. Бид үүнийг жижиг дунд үйлдвэрийн агентлаг байгуулагдсанаас хойш тусгай активын хэлтэстэй болоод, хэлтсийнхэн маань шүүх, прокурорын байгууллагуудад хандаж бүхий л ажиллагаануудыг хийгээд явж байгаа. Бид 2020 оноос хойш ЖДҮХС-нд 123 тэрбумын өртэй байсныг бүрэн төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл энэ мөнгийг хэвийн зээлээ төлж байгаа зээлдэгчдийн мөнгөн дээр нэмээд зөрчилтэй байгаа хэсгүүдээс мөнгийг нь төлөөд барагдуулсан гэсэн үг. Өнөөдөр ЖДҮХС бусдад төлөх ямар ч өргүй. Харин 210 тэрбум төгрөгийн авлагатай. Тэгэхээр нэг их наядын зээлээс 800 тэрбумыг нь төлчихсөн байх нь. ААН-үүдийн 85 хувь нь зээлээ бүрэн төлсөн гэсэн үг. Үүн дээр нэг залруулах юм гарч байгаа нь 1258 зээлдэгчид зээл олгосон гээд алдаа гараад байгаа юм. Энэ биш. 8400 зээлдэгч бий. Харин өнөөдөр зээлтэй байгаа нь 1258 зээлдэгч. Энэ дотор хэвийн төлөөд явж байгаа хэсэг нь ч байгаа. Саяын та бид хоёрын яриад байгаа муу хэсэг нь ч байгаа. 2020 оноос хойшхийг нь шүүхэд хандаж, ЭЦА-нд ч өгөөд бүхий л арга хэрэгслийг хэрэглэсээр байгаад 123 тэрбумыг төлүүллээ. Одоо бол хамгийн хүнд хэсэг нь үлдчихээд байгаа юм. Нас барчихсан. Оргон зайлчихсан, эсвэл мөнгөтэй мөртөө өгөхгүй гэдэг. Эсвэл шүүх дээр үйл ажиллагааг удаашруулах муу аргаа мэддэг. Шүүхэд өгөөд 2-3 жил болсон ч өнөөдрийн хүртэл шийдэгдээгүй маш олон хэргүүд байгаа. Өмгөөлөгчөө байн байн сольдог, энэ тэндээс лавлагаа авдаг. Бид бол зогсоо зайгүй л ажиллаж байгаа. Мөнгөө төлөхгүй байгаа нөхдүүд зүгээр нэг төлөхгүй биш байдаг юм байна. Буцаад ЖДҮХС-г харлуулдаг, хувь хүн рүү нь дайрч гүтгэдэг. Намайг ч тэр манай албан хаагчдыг ч тэр гүтгэж шалгуулсан тохиолдол олон бий. Өөрөөр хэлбэл бидний ажлыг хийлгэхгүй өөр зүйлд анхаарал хандуулахад хүргэж садаа болж байгаа юм. Ийм аргууд ч хэрэглэж байна. Гэсэн хэдий ч манай албан хаагчид өнгөрсөн хугацаанд ажиллаж өрийг их бага хэмжээгээр барагдуулж байгаа.
– ЖДҮХС энэ жил зээл олгох уу?
Энэ жилээс бид 30 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэж тооцож байна. Өөрөөр хэлбэл өргүй болсон учраас эргэн төлөлтөөс орж ирсэн мөнгийг нь бүгдийг нь ААН-үүдэд зээл болгож өгнө.
САЙДЫН ГАРААР ЗЭЭЛ ГАРДАГ БАЙСАН ҮЕ, ӨНӨӨГИЙН АСУУДЛЫГ БИЙ БОЛГОСОН
-ЖДҮ эрхлэгчдэд олгож буй зээлийн санхүүжилт улсын төсвөөс орж ирдэг талаар хэлж байна. Улсын мөнгө гэж байхгүй. Ард түмний мөнгийг зээлж авчхаад л өгөхгүй хэсэг бүлэг хүмүүс байна шүү дээ. Тийм үү?
-Шууд тэгж ойлгож болохгүй. Дээр дурдсанчлан гурван эх үүсвэрээс бүрддэг талаар хэлсэн. Үүнийг тодорхой хугацаанд журам гаргаад хэрэгжүүлээд явж байсан. Журмыг салбарын сайд баталдаг, дураараа журмаа өөрчилдөг, өөрөө тушаалаа гаргадаг байсан нь өнөөдрийн нөхцлийг бий болгосон.
-Шилэн мэдээллээс харж байхад төрийн албан хаагчдын компанид зээл олгосон байсан. Жишээ нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хамаарал бүхий Гранл степп компани байна. Аль 2018 онд зээл авчхаад одоог хүртэл төлөөгүй л байна. Яагаад төрийн өндөр албан тушаалтан сангаас зээл авдаг юм бэ? Яагаад өгсөн юм бэ?
-2018 онд Гранд степп компани зээл авсан юм байна. Өнөөдөр 1.1 тэрбумын өртэйгөөр муу зээлийн ангилалд оржээ. Би бол энэ компанийн цаана хэн байгааг тогтоодог хүн биш. Үүнийг хууль хяналтын байгууллага нь тогтоох байх. Иргэн Хурц гэдэг нэрээр аваагүй учраас бид тэр хүнээс нэхэмжлэх боломжгүй. Тухайн компанийг шүүхэд өгөөд маргаантай явж байгаа. Бид 2020 оноос зөрчилтэй байгаа зээлдэгчдэд, заримд нь бүр 4-5 удаа зээлээ төл гэсэн буцаан дуудах хуудас хугацаатай өгдөг. Энэ хугацаанд зээлээ төлвөл хууль хяналтын байгууллагад хандахгүй. Бид ЖДҮ-ийг дэмжих байгууллага болохоос биш дампууруулдаг газар биш. Тйимээс аль болох хугацаа өгсөн. Одоогоор бүгдийг нь шүүхийн байгууллагад өгсөн. Эдгээр байгууллагууд гурван шатны шүүх дуусах хүртэл хугацаа авдаг. Арга заль ашигладаг.
-Зээл олгохдоо тухайн жилдээ салбараар нь ангилдаг шүү дээ. Энэ талаар мэдээлээч?
-Тухайн жилд зээл олгох салбар чиглэлийг тогтоодог. 2020 оны журмаар үүнийг салбарын сайд тогтоодог болсон. Мөнгө нь их, зээлдэгчид хугацаандаа зээлээ төлдөг бол бид аль ч салбарын ЖДҮ эрхлэгчдэд зээлийг нь өгмөөр байна. 2018 оноос хойш сан дээр улсын төсвөөс нэг ч төгрөг тавиагүй. Нийгэм ч тэр, төрийн санхүү барьж байгаа байгууллагууд ч тэр. ЖДҮХС гэхээр огт мөнгө тавьдаггүй. Би өөрсдийнхөө үйл ажиллагааг сайжруулж зээлдэгчдээс өр төлбөрийг нь барагдуулж байж чадан ядан үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн үг. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрийн газрын 30 гаруй мэргэжилтнүүд нэг байранд ч орж чадахгүй байна. Дөрвөн тусдаа газар байгаа алба хаагчид хоорондоо уялдаа холбоотой ажиллана гэдэг бэрх. Аль болох л хичээж ажиллаж байна.
-ЖДҮХС үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш алдагдалтай байв уу? Ашигтай ажиллав уу?
-Үүнийг ярихдаа, 2020 оноос өмнө, хойно гэж салгамаар байна. 2020 оноос өмнөх нь өнөөдрийн муу зээлдэгчдийн 90 гаруй хувийг эзэлж байна. Үүнээс хойш ковидтой холбоотой муу ангилалд орсон цөөхөн ААН бий. Гэхдээ бид үүнийхээ араас хөөцөлдөөд, төл гэж шахаад мэдэгдлийг нь өгөөд явж байгаа. 2020 оноос өмнөх зээлдэгчид бол хэцүү. 2020 оноос хойш зээл хүрэх ёстой хүмүүстээ хүрээд явж байгаа. Энэ зээлийг олгосноор улсын төсөвт жил бүр, татвараас 50 тэрбум төгрөг орж ирж байна. Нийгмийн даатгалд 38 тэрбум төгрөг орж ирж байна. Энэ бол үр дүн. Нөгөө талд 6000 гаруй ААН үйлдвэрлэлээ өргөтгөсөн. 2000 үйлдвэр шинээр бий болсон. 50 мянган ажлын байр бий болсон. Эерэг үр дүн олон бий. ЖДҮХС-г өнөөдөр бүгд муу гэсэн нүдээр хараад байгаа. Нэг талдаа үнэн. Нөгөө талдаа сайн зүйл ч бий. Тиймээс са ЖДҮХС байх ёстой. Гол нь зээл олгохдоо зөв байгууллагадаа хүрч, хийж байгаа хүмүүстээ олгодог энэ системийг өнөөдөр бий болгосон. Уг нь өмнө нь бий болгох ёстой байсан юм.