Түүнийг Баярнэмэхийн Ариунболд гэдэг. 17 настай тэрбээр Төв аймгийн Сэргэлэн суманд төрж, өссөн. Нутгийнхан нь түүнийг “Карри” “Адууч” гэдэг нэрээр нь андахгүй.
Шууд үгээ зохиогоод дуулдаг нь түүний онцлог. 2021 онд “Open mic”-т дуулахдаа л гэхэд тайзан дээр гарсныхаа дараа мэдэрсэн мэдрэмж, төрсөн сэтгэгдлээ дуундаа шингээн, шууд зохиосон гэнэ. Ая, хэмнэлд тааруулж үгээ мартахгүй реп хийх ямар хэцүү билээ. Тэгэхэд шууд аяндаа тааруулан үгээ зохиогоод реп хийнэ гэдэг бүр ч хэцүү нь мэдээж.
Өмнө нь юун тайзан дээр гараад дуулах нь битгий хэл гэр бүлийнхэн, ойр дотнын хүмүүсийнхээ өмнө гараад дуулахаасаа ч тэр дургүйлхдэг байжээ.
Б.Ариунболд “Би Улаанбаатар хотод “Адууч” гэдэг нэрээрээ танигдаж яваа. Хөдөөгөөс дуучин болно гэсэн зорилготой анх нийслэлд ирж байлаа. Артист гэдэг нэрийг албан ёсоор зүүсэн. Одоохондоо “Muruudul sound”-д харьяалалтай явдаг.
17 настай. Үеийнхэн маань намайг 27 юм уу 23-тай гэж хардаг юм байна лээ. Тэгж хардагт нь үеийнхэндээ маш их баярлалаа. “Тугч” гутлын дэлгүүрт ажилд ороод 2-3 хонож байна. Их гоё байна. Би артист хүн болохоор пүүзний сонирхол, хобби ихтэй. Пүүзний дэлгүүрт ажиллах урамтай байдаг.
Өөрөө зохиосон гурван дуутай. Хип хоп дуулаад, free style үглээд 12 жил болж байна. Газар дээр нь шууд зохиосон 200-гаад уран бүтээл бий.
Бурхнаас илгээсэн, заяасан бэлэг гэж байдаг гэдэг. Би авьяасаа бурхнаас илгээсэн бэлэг гэж боддог. Ер нь тэгээд эмоци шүү дээ. Beat сонсоно. Beat сонсонгуут тархинд үг орж ирнэ. Тэгээд сүүл холболт хийгээд дуулчихдаг. Хэн нэгэн хүссэн үгээ өгвөл би шууд тэр тухай дуу зохиож чадна. Өөрийнхөөрөө зохиодог.
Хүмүүс “Үнэхээр газар дээр нь зохиодог юм уу” гээд гайхдаг. “Чаддаг юм бол ирээд дуул” гэх юм бол “Зүгээр Сүхбаатарын талбай дээр бүгдээрээ цуглацгаа. Газар дээр нь бүгдийнх нь нэрээр дуулаад өгье. Хүссэн үгээр нь зохиогоод өгье” гэж хэлмээр санагддаг. Цээжинд юу байна, бэлэн үг л байна.
Хөгжим намайг тайтгаруулдаг. Хүн дуулаад, бүжиглээд байхад би яагаад чаддаггүй юм бэ, тийм ээ. Би чаддаг зүйлээрээ л өөрийгөө харуулахыг хүсдэг.
Өнөөг хүртэлх хугацаанд надад хүнд үе зөндөө байсан. Хамгийн хүнд үе бол 16 настайдаа Сүхбаатарын талбай дээр “Open mic”-т дуулсан үе. Яагаад тэр үед шантарсан бэ гэхээр, надад тусалдаг хүн нэг ч байгаагүй. Ээж аав, ах эгч ч мөн адил. Хичээгээд, амжилтад хүрч байгаа хүмүүсээс их урам авдаг. “Би хичээнэ. Урдаа тавьсан зорилго надад байна. Надад хүн болгон итгэж, харж байна” гээд хичээдэг.
Хэцүү байдаг зүйлсийн нэг нь бусдын, үеийнхний харилцаа, хандлага. Зарим хүн гадаад төрхөөр нь бусдыг дүгнэдэг. Ялангуяа, манай үеийнхэн. Би загвар, стайл мэдэхгүй. Угаасаа хөдөө өссөн, хөдөөгөөрөө л явдаг.
“Хөдөөгийн стайлтай. Хөдөөгийн хөөсөн мантуу” гэх мэтээр хүүхдүүдэд дооглуулах үе зөндөө. Үеийнхээ найзуудад ад үзэгдэх тохиолдол олон. Тиймэрхүү зүйл зөндөө тохиолддог. Намайг тэгж хэллээ гээд би тийм болчихгүй. Үеийнхэндээ хандаж “Хүний доторхыг нь уншчхаад гаднаас дүгнэ” л гэж хэлмээр санагддаг.
Thunder ах, сүүлийн үед гарч ирж байгаа Отгонмөнх ах нартай хамтарч уран бүтээл хийхийг хүсдэг. Цаашид хоёр сэдвээр хослуулж дуу хийнэ. Нэг нь амьдрал, нөгөө нь хөдөө тал. Надад итгэж байгаа хүмүүстээ олон, олон дуу сонсгоно. Олон гоё, гоё уран бүтээл хүргэнэ гэсэн зорилготой байна” гэв.