Дубай хотноо зохион байгуулагдсан “Brilliant cup” гоо сайхны дэлхийн аваргад монголын “Emerald” баг нийтдээ 57 бүтээл илгээснээс, 47 бүтээл нь шагналт байр эзэлжээ. Ингэснээр монгол улс 30 орноос дөрөвдүгээрт шалгарсан байна.
Тэмцээний явцын талаар багийн ахлагч Б.Мөнхтайванаас тодруулахад "Нийтдээ 6500 бүтээл оролцсон. “Premium jadge” гээд хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээнд манай хоёр багийн ахлагч оролцсон. Уянга маань зургаан төрлөөр оролцож, тус бүрээр нь тэргүүн байрыг эзэлсэн байгаа. Мөнх-Амгалан маань арваннайман төрлөөр оролцож, арванзургаан төрөлд нь алтан медаль үлдсэн хоёр төрөлдөө мөнгөн медөль авч багтаа маш өндөр оноо цуглуулж ирсэн" гэв.
Хумс гоо заслын мэргэжлээр хорин жил мэргэшсэн, монгол улсын зургаан удаагийн аварга Б. Мөнхтайван нь хумс заслын чиглэлээрээ Хятадын хорин гурван муж, Орос, Казакстан улсад мэргэшиж, хамгийн сүүлд Италид дэлхийн аваргын шүүгчийнхээ болзлыг хангаад иржээ.
Тэрбээр монголынхоо гоо сайханчдад зориулан “Өөрийгөө нэг л төрлөөр битгий хязгаарлаарай. Дэлхийн гоо сайхны уралдаанд хумсны гоо засал гэхэд зуу гаруй төрөл байгаа. Бүр хумсны материал ашиглан бүтээл урлаж ч болох боломжтой. Манай улсын гоо сайхны стандарт маш эрчимтэйгээр өсөж байгаа. Өөрийгөө хөгжүүлээд дараа нь хамтаараа хөгжөөрэй” гэж хэлсэн билээ.
“Emerald” багийнхан тун удахгүй арвандолоон хүний бүрэлдэхүүнтэйгээр солонгосын гоо сайхны олимпод оролцох бэлтгэлдээ гарч эхэлжээ.