Сээр хэрхэн зөв техникээр шалгаж сурах вэ. Яаж цохьвол оновчтой, өөрийгөө гэмтээхгүй байх вэ. Сээр шалгах цахим группүүдэд хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт энэ. Сээр шалгах төрлөөр хичээллэдэг Монголын хуруу дарам эмэгтэй тамирчдын нэг, Төв аймгийн сээр шалгах холбооны гишүүн Б.Дөлгөөн-Отгон та бүхэнд ингэж зөвлөж байна.
Тэрбээр “Би сээр шалгах төрлөөр хичээллээд найман сар болж байна. Сээрийг гурван хуруугаараа ингэж атгана. Бугуй, урд үеэрээ буруу цохисноос болж гараа бэртээх эрсдэлтэй. Алганы хажуугийн зөөлөн махаараа цохино. Анх сурч буй хүмүүс гараа ороох хэрэгтэй. Гараа ороохгүйгээр цохисноос болж савхан ясаа хугалах, урд үеэ гэмтээх эрсдэлтэй байдаг.
Зөөлөнд тогшоод цохингуут сээрэнд дуу байдаг. Тэр дуугаар нь цохилтоо мэдэрнэ. Аль талаас нь цохьвол хугарах вэ гэдгийг ингэж мэддэг. Дуугаралт нь хаана байна, тэр талаас нь цохьвол амархан хугардаг.
Хүн, хүний техник ондоо. Яг анхлан суралцаж буй хүмүүст дэлдүүр техник илүү тохиромжтой. Сурахаараа техникээ өөрчилж болно.
Анх хичээллэж буй хүмүүст хамгийн чухал нь, гараа сайн ороож, техникээ зөв эзэмших. Тэгээд техникийнхээ дагуу цохих. Ер нь бол үхрийн жижигхэн, хатсан сээрэн дээр бэлтгэл хийвэл зүгээр. Шууд сарлагийн юм уу хүчрэхгүй сээр цохиод гараа гэмтээх эрсдэлтэй.
Хүмүүс “Эмэгтэй хүн сээр цохиход хэр байдаг вэ, гараа гэмтээдэг үү” гэж хамгийн их асуудаг. Анхнаасаа техникээ зөв эзэмшээд, цохиод сурчихвал гар гэмтэхгүй. Гол нь техник, эв дүй. Сээр хугарах чимээг сонсоход гоё мэдрэмж төрдөг” гэв.