“Нүүдэлчин агро ферм” арван айлын үнээг нэг дор нэгтгэн, кластер фермийн аж ахуй хөгжүүлээд зургаан жилийн нүүрийг үзжээ. Бид “Нүүдэлчин агро ферм”-ийн үүсгэн байгуулагч Ж.Баттөгсөөс фермийн аж ахуйн бизнес эрхлэхэд тулгардаг асуудал хийгээд кластерийн ферм ажлуулах ямар давуу талтай талаар тодрууллаа.
Тэрбээр, “Бид кластер фермийн аж ахуй хөгжүүлдэг. Өрхүүдийг нэгтгээд нэг байрлалд үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг. Манай ферм Баяндэлгэрт арван айлыг нэгтгээд нэг кластер ферм бий болгочихсон. Айл бүр 40 үхэртэй. Нийлээд 400 үнээний ферм нээж байгаа юм. Мэдээж анх бизнест маань санхүүгийн асуудал маш хүнд байсан. Арван хүн яваад банкнаас зээл авъя гэх юм бол биднийг эхэлж байсан зургаан жилийн өмнө фермийн аж ахуйд зээл өгөх банк биднийг таатай хүлээж авдаггүй байлаа.
Хөдөө аж ахуйн бизнес урт хугацаандаа ашгаа нөхдөг учраас зээл олгоход их хойрго байдаг. Бид маш олон жил ярилцаж, кластерийн системээр үйл ажиллагаагаа явуулахаар болсон.
Ингээд Хаан банкны жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төсөлтэй хамтарч эхэлсэн. Үйлдвэрийг түүхий эдээр хангахад шингэн сүүний хэрэгцээ байгаа юм байна. Үүнийг нийлүүлэхийн тулд фермийн аж ахуйг хөгжүүлэх шаарлага байна. Ингэхдээ кластерийн загвараар нэг дор байх юм бол үйлчилгээ авах, тэжээлээ авах, сүүгээ авах гээд бүх тал дээр зардал их хямд байгаа гэх мэт боломжийг олж харсан. 10 айлаас сүү авна гээд давхих нэг ондоо. Нэг дороос авах юм бол зардал ч гэсэн хямдрах боломж байгаа. Тэгэхээр нэмүү өртгийн сүлжээгээр бэлтгэн нийлүүлэгч талын асуудлыг шийдэх юм бол боломж байна гээд үйлдвэр, Хаан банк, компани хамтарч энэ төслийг хэрэгжүүлсэн. Хүү нэлээн өндөр байдаг байсан. Харин банк үүнийг маш зөв талаас нь харж байгаа. Нэг талаараа нийгмийн хариуцлага юм шиг байгаа юм. Хоёрдугаарт ирээдүйн үр хүүхдийн эрүүл мэнд рүү чиглэж байна гэдэг утгаар нь хамгийн боломжтой бага хүүг бидэнд санал болгож байсан. Энэ бол манай кластерийн фермийн оролцогчдод маш таатай боломжийг нээсэн гэж би ойлгодог” гэлээ.
Харин энэ талаар Хаан банкны Иргэдийн банк хариуцсан дэд захирал Д.Ариунбат, “Энэ бол бидний бизнес эрхлэгчидтэй хамтарсан анхны төсөл байсан. Цаанаа их эрсдэлтэй байсан л даа. Эхлэхэд ердөө хоосон газар л байсан гэсэн үг. Цаасан дээр төсөл байсан гэсэн үг. Хамгийн гол итгэл үнэмшил бол нэг харилцагч ферм байгуулаад явахад хүнд. Мэдээж санхүүгийн асуудлаа яаж шийдэх юм. Ганц ферм байлаа гэхэд түүний хүчин чадал яах вэ гээд л. Манай харилцагчийн эхлүүлсэн ажил нь тэнд 10 ферм нэг дор байгаа. Тэгэхээр нэг зардлаар Апу компани 10 фермийн сүү авчихна гэсэн үг. Түүнийг нэгтгэж нийлүүлж байгаагаараа их онцлог байсан” гэв.