Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг эрхлэн гаргадаг билээ. Тус комиссоос 22 дахь илтгэлийг гаргалаа. Энэ удаагийн илтгэлд Монголын эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлыг хэрхэн хөндсөнийг сонирхуулъя.
-Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвд тулгамдаж буй гол асуудлуудын нэг нь хүний нөөц. 2022 оны байдлаар өрхийн эмнэлэгт 2000 гаруй эмч, эмнэлгийн ажилтан дутагдалтай байна гэсэн судалгаа гарчээ. Эрүүл мэндийн газрын мэргэжилтний сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, зар түгээхэд хүн ирдэггүй. Тиймээс нэг мэргэжилтэн 2-3 хүний ажлыг хавсран гүйцэтгэж байгаа газар олон байгааг онцолжээ.
-Эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн хэрэгжилтэд хийсэн судалгаанд эмч, эрүүл мэндийн ажилтан 624 хүнийг оролцуулжээ.
Судалгаанд оролцогчдын 61.7 хувь үйлчлүүлэгчийн хэл амаар доромжлох, гүтгэх, дарамт шахалт үзүүлэх гэх мэт харилцаа, хандлага хүндрэл учруулдаг гэж хариулсан байна. 22 хувь нь ажлын ачаалал, илүү цагаар ажиллах, олон ажил давхар хийх, 8.6 хувь нь цалин хангамж бага нь шантрахад хүргэдэг гэж хариулжээ.
Эндээс харахад, эмч, эмнэлгийн ажилчдад ажлаасаа шантрахад ажлын ачаалал, цалингаас илүү үйлчлүүлэгчдийн, иргэдийн харилцаа, хандлага гол нөлөөлж буйг харж болно.
НЭМГ-ын харьяа 26 эрүүл мэндийн байгууллагын 1879 эмч, эрүүл мэндийн ажилтныг хамруулсан хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн судалгаа авчээ.
Судалгаанд оролцогчид:
-56.9 хувь нь үйлчлүүлэгчид хэл амаар доромжлуулдаг
-27.9 хувь нь үйлчлүүлэгчид хэл амаар үргэлж доромжлуулдаг гэж хариулсан байна.
Мөн үйлчлүүлэгч биед нь үргэлж халдаж, цохьдог гэж 1.6 хувь нь
Үйлчлүүлэгч биед заримдаа халдаж цохьдог гэж 27.6 хувь нь хариулжээ.
Үүний сацуу хэт ачаалалтай ажилдаг гэж 37.7 хувь, байнгын ачаалалтай байдаг гэж 47.8 хувь нь хариулсан байна. Судалгаанд хамрагдсан 289 ажилтны 15.3 хувь сэтгэл зүйн байнгын дарамтад байдаг гэжээ.
Сүүлийн үед эмч, эмнэлгийн ажилчид ажлын байран дээрээ үйлчлүүлэгчид зодуулах, бие, сэтгэлийн дарамтад өртөх тохиолдол их гарах болсон. Үүнийг ХЭҮК болон бусад байгууллагын судалгаа харуулсаар байгаа юм.
Сүүлд л гэхэд, Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч М.Цэвэлмаа ажлын байран дээрээ халдлагад өртсөн. Тэрбээр цахим хуудсандаа энэ талаар “Нэг өвчтөн маань хоёр цаг 30 минут хоцорч ирчхээд цагийн хүний урдуур дайрч орж, давшлан доромжилж, цээж нуруу мөр рүү цохиж зодож сүрдүүлж байгаад үзүүлэн гарлаа. Амбулаторийн тасгийн эрхлэгч хэцүү хүнээ өөрөө зохицуул гэдэг. Өнөөдөр би зодуулж байхад өмөөрөх хүн байхгүй, хууль байхгүй. Өрөөндөө уйлаад суух тавилантай Монголын нийгэм. Дахиж өнөөдөр үзэх ёстой 50 хүн байна. Эмч байхын тулд дарамт, доромж, зодуур ч бас дийлдэг байх ёстой юм шиг байна” гэсэн.
Мөн цагтаа ирээгүй иргэдэд шаардлага тавихаар уурлан, зандран бухимддаг. Тэгээд зарим нь Захиргаанд өргөдөл гаргаж өгдөг. Үүний улмаас эмчийн буруу болон хувирч, хариуцлага хүлээн, цалин, нэмэгдлээсээ хасуулж буй ХЭҮК-ын судалгаанд дурджээ.