Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг лавлагаа шатлалын мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, залгамж чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулах, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх, дэмжлэгт удирдлагаар хангах зорилтот үйл ажиллагаануудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаа тус эмнэлгээс санаачлан амилуулах лавшруулсан тусламж үйлчилгээг эмнэлзүйн багаар стандарт, удирдамжийн дагуу түргэн шуурхай үзүүлэх, амь тэнссэн яаралтай үе (code blue)-д багаар ажиллах чадвар, хандлагыг төлөвшүүлж дадлагажуулах зорилгоор энэ сарын 7-нд “Цэнхэр кодоор тусламж үзүүлэхэд эмнэлгийн мэргэжилтний оролцоо” сэдэвт амилуулах тусламжийн ур чадварын анхдугаар тэмцээнийг Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл, Завхан, Орхон, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдтэй хамтран зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд kahoot, quiz maker программаар оролцогчдын мэдлэг хандлагыг үнэлэх сорил, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үеийн халдвар хамгааллын дэглэм, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх тохиолдол дээр суурилсан асуулт хариулт, QR кодоор сэтгэл ханамжийн судалгаа бөглөх зэрэг орчин үеийн сургалтын цахим техник технологийн дэвшлийг ашигласан. Тэмцээний бүхий л үйл явцыг орон нутагт цахим хэлбэрээр шууд дамжуулалт хийж, танхим, цахим хосолсон хэлбэрээр нийт 260 гаруй эмч, резидент эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн оролцуулсан.
Тэмцээнд Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч нараас бүрдсэн яаралтай тусламжийн салбарын тэргүүлэх зэргийн дадлага туршлагатай эмч мэргэжилтнүүд шүүгчээр ажилласан бөгөөд тэмцээний тэргүүн байрыг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Амин зүрх” баг, дэд байрыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Golden time” баг, удаах байрыг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн “3Х” багууд тус тус эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналын эзэн боллоо.
Эх сурвалж: ЭМЯ