Боловсролын салбарынхан өчигдөр /2023.04.07/ цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж төв талбайд жагслаа. Тэдний хувьд дан ганц багш нар төдийгүй, хүнд нөхцөлд ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчдыг ялгаварлан гадуурхаж, байгааг буруутгасан юм.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЧДЫН ЦАЛИНГ 8 ХУВИАР НЭМСЭН НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ
МҮЭ-ийн Ерөнхийлөгч Б.Эрдэнэбат Өнөөдөр Монголын ирээдүйг бэлтгэж байгаа багш нар хөдөлмөрөө бодитоор үнэлүүлж чадахгүй байна. Цалин хөлс тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа ч багш нарын талаас илүү хувь нь үр дүнгийн урамшууллаа авч чадахгүйд хүрээд байна. Энд бид зөвхөн багшийн цалин хөлсийг нэмээгүй. Боловсролын салбарт ажиллаж буй, үйлчилгээний ажилтнуудын цалинг дөнгөж 8 хувиар нэмэгдүүлсэн байна. 8 хувь гэдэг бол инфляциа ч гүйцэхгүй, өдрийн хоолны хэрэгцээгээ ч хангахгүй цалин болж хувираад байна. Тиймээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо аливаа цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ Монгол улсын үндсэн хууль зөрчиж, албан тушаалын өндөр намаар нь цалин хөлсийг ялгавартай байдлаар тогтоож байгааг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо эсэргүүцэж байна. Үндсэн хууль зөрчсөн шийдвэрээ ойрын хугацаанд засаж залруулахыг шаардаж байна. Өнөөдөр эрх мэдэл бүхий хүмүүсийн гэрээс авлигын мөнгө ихээр илэрч, нийгэмд шударга бус байдал тогтсоор байна. Гэтэл насаараа ажилласан багш тэтгэвэрт гарахдаа 20 сая төгрөг л авч байна. Энэ бол хашаа байшин худалдаж авахад ч хүрэлцэхгүй мөнгө. Авлигын мөнгө, эх үүсвэрүүдийг боловсролын салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулахыг шаардаж байна. Нийгмийн салбарын гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилт үнэхээр хангалтгүй байна.
БАРИЛГЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ ДАРГА Н.ЭНХМАА: МСҮТ-ИЙН БАГШ НАР СОЛОНГОС РУУ ЯВЖ БАЙНА
Мэргэжлийн боловсролын байгуулагууд 2022 оны 1 сараас Боловсрол шинжлэх ухааны яаманд харьяалагдаж ирсэн. Өнгөрсөн 1 жил 4 сарын хугацаанд МСҮТ-ийн багш нарын цалин нэмэгдсэнгүй. ЕБС-ийн багш нарынх нь нэмэгдсэн ч биднийг орхичихсон гэсэн үг. Цалин хөлс муугаас болж олон ажил ажилласан багш нар маань өргөдлөө өгөөд гарч байна. Мөн залуу багш БНСУ-д ажиллахаар ихээр явах болсон. Гагнуур, цахилгаан, мужааны багш нар маань хортой, хүнд нөхцөлд ажилладаг. Иймээс энэ багш нарын ажлын онцлогийг харгалзан үзмээр байна. Салбарын яамнаас тайлбар өгөхдөө ЕБС-ийн багш нарын цалингийн нэмэгдлээр халхавчилдаг. Гэвч бодит байдал дээр МСҮТ-ийнхэн орхигдож байна. Монгол улс мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэхэд бодлогоор анхаарч байгаа, анхаарна гэдэг. Гэвч энэ хүмүүсийг бэлддэг хүмүүсээ төрөөс огт анхаарахгүй байна.
ШУТИС-ИЙН БАГШ, ҮЭ-ИЙН ХОРООНЫ ДАРГА Б.ДЭЛГЭРМАА: ТӨР БОЛОВСРОЛЫН САЛБАРТАА ХӨРӨНГӨ ОРУУЛАХГҮЙ БАЙНА
Салбарын яам цалин хөлсийг 50 хүртэлх хувиар нэмэхээр хамтын хэлэлцээрт тусгасан. Гэвч биелүүлэхгүй байна. Монголын хүмүүн капиталууд гадагшаа нүүж байна. Багш алга боллоо. Багш нараа авч үлдэхийн тулд бид цалин хөлсний асуудлаа ярих ёстой. Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого хэмээх маш том бодлогоо тодорхойлсон. Энэ бодлогыг хэрэгжүүлэх гол үндэс суурь нь багш нар юм. Тиймээс Засгийн газар 2020-2024 оны мөрийн хөтөлбөрөө биелүүлж, цалингаа нэмэгдүүлэх ёстой. Төр их дээд сургуулийн тогтмол зардлыг танасан. Их, дээд сургуульдаа хөрөнгө оруулалт хийхгүй байна. Их дээд сургуульд ажиллаж буй багш, ажилтнууд бид оюутан залуусынхаа ирээдүйн төлөө тэмцэж байна. Мөн эрдэм шинжилгээний ажилтнуудынхаа хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөх хэрэгтэй байгааг зориуд хэлмээр байна.
Ийнхүү багш нарын гадагшаа явж буй урсгалыг зогсоохын тулд цалин хөлсийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэх хэрэгтэй гэж үзэж байна. Харин салбарын сайдын тухайд “Багш нарын цалин хангалттай нэмэгдсэн. Багш нар 1-2 сая төгрөгийн цалин хөлс авч байна” гэж мэдэгдээд байна. Жагсагчдын тухайд “Бид зөвхөн багшийн цалин яриагүй. Энэ салбарт ар гэрээ тэжээж буй олон мянган үйлчилгээний ажилчид бий. Бүгдийнх нь цалин хөлсийг үнэ өссөн энэ үед ялгаваргүйгээр нэмэх ёстой гэж мэдэгдээд байгаа юм.